АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас Альцхеймер өвчний эсрэг эмийг хэрэглээнд оруулж эхэлжээ

АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас Биоген компанийн гарган авсан Альцхеймерийн өвчний эсрэг эмэнд өнгөрөгч долоо хоногт албан ёсны зөвшөөрөл олгосон байна. Тэгвэл өчигдөр АНУ-ын Рөүд-Айленд мужийн иргэн 70 настай Марк Архамбаулт тус эмийг туршилтаас гадуур хэрэглэсэн анхны хүн болжээ.  Энэхүү эм нь ой санамж муудах, өөрийгөө халамжлах чадвараа алдах зэрэг Альцхеймерийн өвчний эхний шатанд байгаа өвчтөнүүдийн тархинаас Амилоид Бета гэх уургийг устгадаг нь эмнэлзүйн туршилтаар батлагдсан байна. 

Өвчтөн Марк нь Альцхеймерийн өвчний эхний шатанд явж байгаа тул энэхүү эмний нөлөөлөх чадвар хамгийн өндөр магадлалтайг эх сурвалжууд мэдэгджээ. Түүнчлэн түүнтэй адил шатанд байгаа 100 орчим өвчтөн уг эмийг эмчилгээндээ ашиглах гэж байгаа юм байна. Энэхүү эм нь 80-аас доош насныханд буюу өвчний эрт шатандаа байгаа хүмүүст илүү тохиромжтой юм байна. Харин АНУ-ын хүнс, эмийн удирдах газраас 2 сарын турш өвчтөнүүдийн бие, сэтгэлзүй, ой ухааныг хянах бөгөөд ямар нэгэн ахицтай үр дүн гараагүй тохиолдолд хэрэглээнээс хасна гэж мэдээлжээ.

Дэлхий дахинд 65-аас дээш насны 30 гаруй сая хүн Альцхеймерийн өвчнөөр шаналдаг бөгөөд АНУ-д л гэхэд 1,5 сая хүн энэ өвчний улмаас бусдын асрамж сувилгаа, хараа хяналт дор амьдардаг гэсэн судалгаа байна. Хэдийгээр сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий дахинд Альцхеймерийн өвчнийг анагаах зориулалттай 100 гаруй эм бэлдмэлийг судалж, туршилт явуулсан ч аль нь ч дорвитой үр дүн үзүүлж чадаагүй байна.