Ботсвана улсын нутгаас дэлхийд хэмжээгээр гуравт орох Алмаз эрдэнийн чулууг олборложээ

Өмнөд Африкийн Бүгд найрамдах Ботсвана улсын нутгаас хэмжээгээрээ дэлхийд гуравт орох том буюу 1,098 каратын хэмжээтэй Алмаз эрдэнийн чулуу олборлосноо тус улсын Алмаз эрдэнэ олборлодог Дэбсвана компани зарлажээ. Энэхүү эрдэнийн чулууг Ботсвана улсын төрийн өмчит Окаванго Даимонд компанийн аль нэгээр дамжуулж зарах юм байна. 

Анх 1905 онд Өмнөд Африкаас дэлхийд хамгийн том хэмжээтэйд тооцогдох эрдэнийн чулууг олборлож Куллинан хэмээн нэрлэж байсан бол 2015 онд Ботсванаас Лэсэди Ла Рона нэртэй чулууг  олборлож байсан нь дэлхийд хэмжээгээрээ нэг, хоёрдугаарт бичигддэг байна. Тэгвэл Ботсванаас олборлосон Алмаз эрдэнэ нь хэмжээгээрээ 3-т орох дайны том юм байна.  Уг эрдэнийн чулууг  эзэмшиж байгаа Дэбсвана нь De Beers компани болон Ботсвана улсын Засгийн газрын хамтарсан компани ажээ. Ботсвана улсын Засгийн газар ногдол ашиг, татвар хэлбэрээр Дэбсвана компанийн олборлож, зарсан алмаз эрдэнийн ашгийн нийт 80 орчим хувийг орлого болгон авдаг байна. Дэлхий дахинд тархсан “Ковид-19”-ийн халдварын улмаас Ботсвана улс дахь Алмаз эрдэнийн олборлолт 2020 онд 29 хувиар унаж, 16.6 сая карат хүрсэн бол орлого нь 30 хувиар унаж, 2.1 тэрбум ам.долларт хүрчээ. 

Харин цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт үнэт чулууны эрэлтийг нэмэгдүүлж, олборлох хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн тул тус компани 2021 онд олборлолтоо 23 сая каратад хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.