Зөрчлийн тухай хуулиар 2020 онд цагдаагийн байгууллага 2.2 сая хүнд 66 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ

Улсын төсвийн орлогын татварын бус орлогыг төрийн байгууллагуудын иргэд, аж ахуйн нэгжид тавьсан торгуулийн орлогоор бүрдүүлдэг байна. Зөрчлийн тухай хуулиар 2020 онд зөвхөн цагдаагийн байгууллага 2.2 сая хүнд нийт 66 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна. Тэгвэл иргэд, бизнес эрхлэгчид цар тахлын үед төрөөс тог цахилгааны төлбөрийг тэглэх, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгох зэргээр халамж үзүүлж байна гэж байгаа ч нөгөө талаас төр их хэмжээний орлогыг иргэд, аж ахуйн нэгжийг торгох замаар бүрдүүлдэг гэдгийг хэлж байна.    

Зөвхөн цагдаагийн байгууллага торгууль ногдуулдаггүй. Үүнээс гадна ААН-үүдийн гаргасан жижиг зөрчилд ч мэргэжлийн хяналт, татвар зэрэг газрууд акт тавьж, торгууль ногдуулах нь түгээмэл байдаг. Бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ойр ойрхон торгууль тавьж, бараа бүтээгдэхүүнийг хураах зэрэг арга хэмжээ авдаг байна. Ингэхдээ ширхэгийн тамхи зарснаас эхлээд компанийн ажилтнуудын мэдээлэл зөрүүтэй зэрэг төрөл бүрийн шалтгаанаар торгууль тавьдгийг бизнес эрхлэгчид хэлсэн юм. Тэгвэл цар тахлын үед иргэд ААН-үүдэд тог цахилгааны мөнгийг тэглэх, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгох зэрэг ажлыг төрөөс авч хэрэгжүүлж байгаа. Үүнийг ААН-үүдэд тавьсан торгуулиар нь тэдний цахилгааний төлбөрийг төлж, ээжийнх нь ажиллуулдаг ТҮЦ-ийг торгосон 300 мянган төгрөгийг 3 хүүхдэд нь өгч байгаатай ижил гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байгаа юм. Тиймээс 7-р сарын нэгнээс хүүхдийн мөнгийг зогсоохыг олон нийт дэмжихгүй байна. Түүнчлэн зарим иргэд хүүхдийн мөнгийг шууд халамж гэж ойлгох нь ташаа. Олон улсад ч цар тахлын үед иргэдээ дэмжсэн арга хэмжээнүүдийг авч байгааг хэлж байна. 

Иргэн, ААН бүр нь, торгууль шийтгэл үүрсэн улс орон болоод байгааг эдийн засагч болон үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүд төлөөлөгч нар ч хэлсээр байгаа. Тэр дундаа ялангуяа ихэнх заалт нь торгууль ногдуулдаг зөрчлийн тухай хуулийг эргэж харах шаардлагыг УИХ-д хүргүүлээд байгаа юм.