Беларусь улсын эсрэг шинэ хориг арга хэмжээг ЕХ, Ану, Канад, Их Британи авлаа 

Ирландын агаарын тээврийн “Ryanair” компанийн нисэх онгоцыг албадан буулгаж, сэтгүүлч роман Протасевичийг саатуулсны хариуд Европын холбоо, Ану, Канад, Их Британи Беларусийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авчээ. ЕХ-ны хориг арга хэмжээ нь Калийн бордоо, газрын тос, нефть, химийн бүтээгдэхүүний экспорт, тамхины үйлдвэр, санхүүгийн салбар гэх зэрэг Беларусийн эдийн засгийн гол салбаруудад нөлөөлөх юм байна. Тус холбооны гишүүн орнуудын сайд нарын зөвлөлөөс Беларусийн 86 аж ахуйн нэгж, хувь хүнийг ​​хориг арга хэмжээний жагсаалтад оруулах тухай тогтоолыг баталжээ. Шинэ хязгаарлалтад хөрөнгийг нь битүүмжлэх, виз олгохыг хориглох зэрэг арга хэмжээ орсон бөгөөд хоригт багтсан хувь хүн, компаниудын нэрийг энэ долоо хоногтоо багтаан олон нийтэд мэдээллэхээр болжээ.

ЕХ-ны хориг арга хэмжээний жагсаалтад Беларусийн Батлан ​​хамгаалахын сайд Виктор Хренин, зам тээвэр, харилцаа холбооны сайд Алексей Авраменко, дотоод хэргийн дэд сайд Николай Карпенков зэрэг Засгийн газрын хэд хэдэн гишүүн багтсан байна. Харин АНУ-ын Сангийн яам Беларусийн 16 албан тушаалтан, таван байгууллагыг хоригийн жагсаалтад нэмж оруулсан бөгөөд үүнд Беларусийн аюулгүй байдлын хороо, дотоод хэргийн яамны дотоодын цэрэг, мөн тус яамны зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигатай тэмцэх газар тэргүүтэй байгууллагууд багтжээ. Түүнчлэн АНУ-ын хоригт өртсөн 16 хүний ​​дотор Ерөнхийлөгч Лукашенкогийн хэвлэлийн нарийн бичгийн дарга, Беларусь улсын аюулгүй байдлын хорооны “Альфа” тусгай ангийн командлагч Сергей Зубков зэрэг багтсан байна.

Тэгвэл Их Британийн гадаад хэргийн яам Беларусийн албан тушаалтнууд, байгууллагуудад авсан хориг арга хэмжээнийхээ жагсаалтыг өргөжүүлж байгаагаа энэ даваа гарагт мэдээлжээ. Тус улсын гадаад хэргийн яамнаас “Ryanair” компанийн онгоцыг албадан буулгаж, Роман Протасевич болон түүний найз бүсгүй Софияг баривчилсантай холбоотойгоор долоон хүн, нэг байгууллагад хориг арга хэмжээ авсан бол "Александр Лукашенко болон түүний дэглэм Беларусьт ардчиллыг дарж, хүний ​​эрхийг зөрчсөөр байгаагийн хариуд" дөрвөн хүн, нэг байгууллагыг хоригийн жагсаалтад оруулсан байна.