Токиогийн олимпод оролцох хэвлэл мэдээллийн ажилтнууд вакцинд бүрэн хамрагдсан байх шаардлагатай

Токиогийн олимп эхлэхэд нэг сар гаруйн хугацаа үлдээд байгаатай холбоотойгоор тус наадмын тамирчдын хотхоныг сэтгүүлчдэд танилцуулжээ. Японы нийслэл Токио хотын Чюо дүүрэгт 44 га талбайд байрлах 21 барилгад 18 мянга орчим тамирчин, төлөөлөгчид байрлах бөгөөд бялдаржуулах төв, амралтын байгууламж, эрүүл мэндийн төв, 24 цагийн хоолны танхимтай болсон байна. Тус хотхонд байрлаж байгаа хэвлэл мэдээллийн ажилтнуудаас өдөр бүр “Ковид-19”-ийн халдварын  шинжилгээ авч, мөн хоол идэхээс  бусад үедээ үргэлж амны хаалт зүүж, бэлтгэл хийж, мэдээ мэдээлэл бэлтгэхийг зохион байгуулагчдын зүгээс шаардаж байгаа юм байна. Түүнчлэн хэвлэлийн ажилтнууд  вакциндаа бүрэн хамрагдсан байх ёстойн дээр өөр хоорондоо зай баримтлах  шаардлагатай юм.

Энэхүү хотхоныг олимпын наадам эхлэхээс 10 хоногийн өмнө буюу долоодугаар сарын 13-нд нээж, наймдугаар сарын 8-нд болох хаалтын ёслолоос гурван хоногийн дараа хаах болсныг эрх баригчид мэдэгджээ. Үүний дараа ирэх наймдугаар сарын 17-оос есдүгээр сарын 8-нд паралимпын тамирчдыг хүлээн авах юм. Мөн зохион байгуулагчдын зүгээс уг наадмын нээлтийн ёслолд 20 мянга орчим хүнийг оролцуулахаар төлөвлөжээ. 

Наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид гуравдугаар сарын 20-нд гаргасан бол японы үзэгчдийн хувьд тоог нь хязгаарлах, амны хаалт заавал зүүх зэрэг нөхцөлтэйгөөр оруулах төлөвтэй байна. Мөн үзэгчдийн суудлаас чанга хашгирч, орилохыг хориглож  “Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдал дахин хүндэрсэн тохиолдолд дотоодын үзэгчидгүйгээр зохион байгуулж болзошгүй талаар Японы эрх баригчид мэдэгдээд байгаа юм.