Анхны нээлттэй медиа групп байгуулагдлаа

Юу? 

Монголын медиа салбарын анхны олон нийтийн буюу хувьцаат компани болох зорилготой ТэнГэрЛиг Медиа Групп (ТМГ) байгуулагдаж байгааг тус компанийн удирдлага зарлалаа. Тус Групп нь “Монгол ТВ” телевиз, “Промедиа Нетвөрк” буюу VTV телевиз, “Unread Media” гэсэн гурван компанийн нэгдлийн үр дүнд байгуулагдаж байна.

Яаж? 

ТМГ нь Монголын Хөрөнгийн Бирж дээр үйл ажиллагаа явуулдаг “Е-Моние” ХК-тай урвуу нэгдэл (RTO) хийх замаар нээлттэй компани болох бөгөөд олон нийт, ард иргэд хэвлэл мэдээллийн компанийг эзэмших, үйл ажиллагаанд нь хяналтаа тавих, ашиг өгөөжөөс нь хүртэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм. 

Яагаад?

ТМГ-ын ТУЗ-ийн Даргаар Ард Пропертиз компанийн Гүйцэтгэх Захирал Г. Уянга сонгогдсон бол Гүйцэтгэх Захирлаар Г. Бат-Эрдэнэ томилогдож, “Монгол ТВ” телевизийн Гүйцэтгэх Захирлын албатай хавсран ажиллах бол VTV болон “Unread Media” компанийг А. Ундрал удирдана.

Тэд TMГ-ын зорилгыг тодорхойлохдоо хэвлэл мэдээллийн салбарт олон нийтийн нээлттэй компани байгуулснаар санхүүжилтын ил тод байдлыг хангаж, эцсийн үр дүнд хараат бус, нэгдмэл редакцийн бодлоготой хэвлэл мэдээллийн хэрэгслийг бий болгох, орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж шилдэг контент бүтээх хэмээжээ.

Хэн юу хэлэв? 

ТМГ-ыг нээлттэй компани болгох үйл явцыг Ард Секюритиз компани удирдаж байгаа бөгөөд ТУЗ-ийн Дарга Ч. Ганхуяг энэ тухайд “ТэнГэрЛиг нь манай компанийн баримталдаг “Хүчтэй. Хамтдаа” гэсэн зарчмыг барьж хэвлэл мэдээллийн салбарт шинэ жишиг тогтоож, түүгээрээ дамжуулан нийгэмдээ эерэг өөрчлөлт хийх боломжийг олгож байгаад олзуурхаж байгаа. Ардынхан ТМГ-ыг нээлтэй компани болж хувьцаагаа олон түмэндээ арилжаалахад нь тусалж хамтран ажиллаж байна” хэмээв.

Дараагийн алхам?

“VTV” телевиз нь 2021 оны гуравдугаар улиралд өнгө төрх, контентийн бодлого, агуулгын хувьд бүрэн шинэчлэгдэн, албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөж байна. 

Харин “Монгол HD”-ийн хувьд контент үйлдвэрлэлийн салбарыг олон улсын жишигт хүргэх зорилгын хүрээнд “ORI Studios” төслийг хэрэгжүүлж, контент бүтээгч бүхий л оролцогч талуудыг нэгтгэсэн цогц хабыг 2022 онд ашиглалтанд оруулах зорилготой ажиллаж байна.