18-аас дээш насны иргэдийг дархлаажуулалтын 3-р тунд хамруулж эхэллээ

Өнөөдрөөс “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтын 2 тундаа бүрэн хамрагдсан 18-аас дээш насны иргэдийг дархлаажуулалтын 3-р тунд хамруулж эхэллээ.   Тодруулбал вакцины 2 дугаар тундаа хамрагдаад 3 сар болсон иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж сайн дурын үндсэн дээр дархлаа сэргээх нэмэлт тун буюу 3 дугаар тунг тариулах боломжтой болжээ. Харин вакцинжуулалтын 1,2 дугаар тундаа бүрэн хамрагдсан ч халдвар авсан иргэдийг вакцины 3 дугаар тунд хамрагдахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар вакцины 2 тундаа бүрэн хамрагдсан,  2 дугаар тунгаа хийлгээд 3 сар болсон 18-аас дээш насны иргэд сайн дурын үндсэн дээр Пфайзер -Бионтех үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “Сorv” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулна гэж заажээ. 

Дархлаажуулалтын 3 тунд хамрагдах нь халдвар авах эрсдэлийг бууруулах хэдий ч  иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байлаа.