Цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон хугацаанд манай улс 1.2 сая гаруй хүүхдэд тус бүр 100 мянган төгрөгийн халамж олгож байгаа. Харин ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг хуучин хэвээр буюу 20 мянган төгрөгөөр тооцон олгож, үлдсэн мөнгийг хуримтлал хэлбэрээр олгох зэрэг хувилбаруудын талаар яригдаж эхэлсэн. Тэгвэл судалгаагаар нийт хүүхдийн мөнгөн халамж авдаг иргэдийн 26 хувь нь 18 нас хүртлээ мөнгөө хадгалах хуримтлалтай юм байна. Өнгөрсөн долоо хоногт засгийн газраас мэдээлснээр ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг хуучин хэвээр буюу 20 мянган төгрөгөөр олгохоор суулгасан талаар мэдээлсэн. Гэхдээ энэ нь цар тахлын үе учраас өрхийн амьжиргаанд эрс нөлөөлнө. Иймээс салбарын яамнаас гурван хувилбарыг боловсруулсан байна. Одоогоор засгийн газрын түвшинд хэлэлцэгдэж байгаа юм. Тэгвэл ХНХЯ болон ОУ-ын донор байгууллагын хийсэн судалгаагаар нийт хүүхдийн мөнгө авдаг 1.2 сая хүүхдийн 26 хувь нь 18 нас хүртлээ мөнгөө хуримтлуулах хадгаламжтай. Үлдсэн хувь нь сар бүр мөнгөө бэлнээр нь авдаг, мөн 3-6 сарын хугацаатай хадгаламжид хадгалдаг гэх судалгааны үр дүн гарчээ. Хэрэв хүүхдийн мөнгийг 18 нас хүртэл нь хуримтлуулбал нийт 18-19 сая төгрөгийн хадгаламжтай болох тооцоолол байна.