Австралийн Мельбурн хотын ойролцоо өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 09 цаг орчим 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Викториа мужийн аврах албанаас мэдэгдсэн байна. 1966 онд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш Мельбурн хотод ийм хүчтэй газар хөдлөлт бүртгэгдээгүй юм байна. Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдээгүй, гэмтэж бэртсэн хүн одоогийн байдлаар тогтоогдоогүй гэж Австрали улсын Ерөнхий Сайд Скотт Моррисон өнөө өглөө мэдэгдсэн байна. Мельбурн хотын 300 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бол 35,000 гаруй айл өрх цахилгаангүй болсон байна. Аврах албаны ажилчид нурж сүйдсэн барилгаас иргэдийг татан гаргах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Мельбурн хотын захирагчийн мэдэгдсэнээр газар хөдлөлтийн улмаас үүдсэн хохирлын хэмжээг тодорхойлж байгаа юм байна. Үүнээс гадна далайн эргийн дагуу байрлах орон сууцны барилгуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн бөгөөд “цунами” аюул гарч болзошгүй байгааг орон нутгийн цаг уурын албанаас өнөөдөр мэдээлжээ.