АНУ-ын Калифорни мужид вакцинд хамрагдсан сурагчид  танхимаар хичээллэх боломжтой

АНУ-ын Калифорни мужийн сургуулийн сурагчдыг “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцин хийлгэхийг шаардах анхны муж улс болж байгаа талаар тус муж улсын захирагч мэдэгджээ. Мөн тэрбээр АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар  хүүхдүүдэд хийх “Ковид-19”-ийн вакциныг бүрэн зөвшөөрсний дараа сургуулийн эхний улиралд вакцинжуулах ажлыг эхлүүлнэ хэмээн дурджээ. Эхний ээлжид 7-12 дугаар ангийн хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах бөгөөд үүний дараа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг дархлаажуулна гэж мэдэгдсэн байна. Тус улсын Хүнс, эмийн чанарын хяналтын газар энэ оны наймдугаар сард “Пфайзер-Бионтех” компанийн “Ковид-19”-ийн эсрэг вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосны зэрэгцээ 12 ба түүнээс дээш насны бүх хүмүүст хийхийг зөвшөөрчээ. Үүнтэй холбогдуулан энэ оны сүүлч үе гэхэд таваас дээш насны хүүхдүүдэд уг вакциныг хийх зөвшөөрлийг олгох төлөвтэй байна. Калифорни муж улсын зарим сургуулийн дүүргүүд аль хэдийн сурагчдыг “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамруулах шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд байгаа юм. Түүнчлэн наймдугаар сараас эхлэн муж улсын гаргасан шийдвэрийн хүрээнд сургуулийн багш, ажилчдыг вакцин хийлгэсэн байх, долоо хоногт нэг удаа PCR шинжилгээнд хамрагдсан байхыг шаардаж байгаа юм. Калифорни муж улсад өнгөрсөн сарын 28-ны байдлаар 12-17 насны хүүхдүүдийн 63 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдаад байна.