ШӨХТГ: Инфлүүнсерүүдийн явуулж буй зар сурталчилгаанд хуулийн зохицуулалт шаардлагатай байна

Цахим орчны хурдацтай хөгжлийг дагаад олны танил хүмүүс үзэгч дэмжигчидтэйгээ илүү ойр буюу шууд харилцах боломжтой болсон. Энэ хэрээр тэдний маркетингийн салбарын үүрэг оролцоо ихэсч, иргэдийн худалдан авалтад хүчтэй нөлөөлөгч болоод байна. Тиймээс ч эдгээр хүмүүс үзэл санааны инфлүүнсер гэхээсээ илүүтэйгээр бараа бүтээгдэхүүн сурталчлан үүгээрээ цалинждаг байна. Харин цөөнгүй иргэд тэдний сурталчилсан бараа бүтээгдэхүүнийг авч хохирсон эсвэл хамтарч ажилласан онлайн шопуудад нь мөнгөө залилуулсан зэрэг тохиолдлууд гарч байсан байна.

Тэгвэл тэдгээр олны танил хүмүүсийн ихэнх нь татвар төлдөггүй бөгөөд сурталчилсан бараа бүтээгдэхүүндээ ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Үүнийг зарим хуульч нар өнөөдөр манай улсад мөрдөгдөж байгаа зар сурталчилгааны хуулийн “Худал сурталчилгаа түгээгч иргэн этгээд хариуцлагаа өөрөө хүлээнэ” гэсэн заалтын түгээгч нэр томъёонд инфлүүнсерүүд хамаарна гэж үзэж байна. Харин 2020 оны намар шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт энэ төрлийн гомдол мэдээлэл цөөнгүй ирсэн байна. Тиймээс тус газраас холбогдох төрийн байгууллагуудад инфлүүсерүүдийн ажиллах орчинд хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна гэсэн хүсэлтийг явуулжээ.