"Норд-урсгал-2” хий дамжуулах хоолойн эхний шугамыг хийгээр дүүргэж эхэлсэн тухай дамжуулах хоолойн оператор компани болох “Норд стрийм” компаниас өнгөрөгч 7 хоногт мэдээлжээ. "Норд-урсгал 2” бол ОХУ-аас Герман улс руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий нийлүүлэх 1234 км урт дамжуулах хоолой юм.

Түүнчлэн уг хий дамжуулах хоолойг тавьж байгаа компани нь ОХУ-ын “Газпром” группын охин компани юм байна. Тус компанийн мэдээлснээр, хий дамжуулах хоолойн хоёрдугаар шугамыг ашиглалтад оруулах ажил үргэлжилж байгаа ажээ.. Герман, Дани, Орос, Финлянд, Швед зэрэг таван орны эдийн засгийн онцгой бүс, нутаг дэвсгэрийн усаар дайруулан тавьсан энэхүү дамжуулах хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий зөөвөрлөх хүчин чадалтай юм. 

Тэгвэл Украин, Польш, Латви, Литва зэрэг Европын хэд хэдэн улс болон АНУ “Норд урсгал 2” хоолойг эсэргүүцэж байгаа юм байна. Учир нь уг төслийг улс төрийн шинжтэй бөгөөд Европын эрчим хүчний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж үзэж байгаа юм. Украин улс бол ОХУ-аас Европт нийлүүлж буй хийг нутаг дэвсгэрээрээ дамжуулан өнгөрүүлснээр ашиг олдог улс юм. Тэгвэл энэ хийн хоолой ашиглалтад орсноор ОХУ хийн зах зээлээс орлого олох боломжгүй болно гэж болгоомжилж байгаа юм.