Тээврийн жолооч нар нүүрс тээвэрлэх ээлжид зохицуулалт хийх шаардлагатай байна гэлээ

Гашуун Сухайт боомтын нүүрс тээврийн жолооч нар нүүрс тээвэрлэх ээлж, ажиллах орчин нөхцөлд зохицуулалт хийх шаардлагатай байна гэж мэдэгдлээ. Учир нь 30-35 жолооч нарын нэг багаас нэг л жолоочийн шинжилгээний хариу эерэг гарахад бүх жолооч нар 28 хоногийн тусгаарлалтад орж байгаа юм байна. Үүнээс үүдэн олон жолооч 2 сарын турш сул зогсолт хийж хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохирч байгаа юм байна. 

28 хоног хаана ч байхгүй урт хугацааны тусгаарлалт бөгөөд боомт дээр эерэг гарч ирсэн жолооч нар ХӨСҮТ зэрэг баталгаат лабораториудад удаа дараа шинжилгээ өгөхөд сөрөг гардаг тохиолдол давтагдаж байгаа нь боомтын шинжилгээний цэг хуйвалдаантай байна гэх хардлагыг жолооч нарт төрүүлсэн байна. 

Тэд шинжилгээний хариунууд болон Гашуун Сухайт боомт дээр чиг үүрэг өгч ажилладаг шуурхай штаб, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах алба, Гаалийн байгууллагын дарга нар алба хаагч нарын хоорондын уялдаагүй ажиллагаа ар гэрийнхээ санхүүг нуруун дээрээ үүрч яваа 3500 орчим жолооч нарыг орлогогүй болгож, цаашлаад өрөнд оруулж байна гэлээ. Учир нь ихэнх жолооч нар банкны зээлээр чингэлэг тээврийн машин авч ажилладаг хүмүүс байдаг бол тээврийн компаниуд ч зээлийн хүүд сар бүр 50 сая 200 сая төгрөгийн хүү төлдөг байна.  

Тиймээс Цагаанхад боомт дахь “Ковид-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээний цэгийн үйл ажиллагааг мэргэжлийн баг гарган шалгуулах, ажлаа хийж чадахгүй хоорондоо ойлголцдоггүй дарга нарыг сольж шалгах хэрэгтэй байгааг Ерөнхий сайдад уламжилсан юм.