БНСУ-д  “5G” сүлжээ хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байна

БНСУ-ын хөдөлгөөнт холбооны хэрэглэгчдийн дөрөвний нэг орчим нь “5G” сүлжээ ашиглаж байна гэж тус улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яамнаас өчигдөр мэдэгджээ. Энэ оны 9 сарын эцсийн байдлаар “5G” хэрэглэгчдийн тоо 22.8 саяд хүрсэн нь улсын хөдөлгөөнт холбооны 71.9 сая хэрэглэгчийн 34 хувьтай тэнцэж байгаа юм байна.

БНСУ нь 51 сая хүн амтай, судалгаагаар тус улсын хүн амын 85 хувь өдөр тутамдаа тогтмол гар утас ашигладаг бөгөөд нэг өдөрт хамгийн багадаа 2-3 цаг зарцуулдаг байна. “Samsung”-ийн эвхэгддэг загварын шинэ ухаалаг гар утаснууд нь дотоодын зах зээлд нэлээд нэр хүндтэй байгаагаас гадна энэ сарын 6-ны  байдлаар борлуулалтынх нь хэмжээ өдөрт нэг саяд хүрсэн байна. БНСУ-д “5G” сүлжээг 2019 оны дөрөвдүгээр сард анх нэвтрүүлсэн ч хэрэглэгчдийн уг сүлжээ рүү шилжих үйл явц урьдчилан таамаглаж байснаас удаашралтай байгаа юм байна. “5G” сүлжээний хамрах хүрээ одоогоор нийслэл сөүл болон бусад хэд хэдэн  томоохон хотуудаар хязгаарлагдаж байгаа ч ирэх он гэхэд орон даяараа нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Одоогоор Ази тив “5G” сүлжээгээрээ дэлхий нийтийг тэргүүлж байна. Харин Өмнөд солонгос улс “5G” сүлжээг орон даяар бүрэн нэвтрүүлсэн анхны улс болох төлөвтэй байна. Тэгвэл БНХАУ-ын хувьд “5G” сүлжээний зах зээлд эзлэх байр сууриар нэгэнт тэргүүлэгч байх нь ойлгомжтой болж эхэлсэн бөгөөд тус улс нь өнөөдрийн байдлаар уг технологитой холбоотой нийт патент болон гэрээ хэлцлийн 34 хувийг эзэмшиж байна.