Төсвийн хэмнэлтийн хүрээнд сайд, дарга нарын зөвлөх, туслахын тоог цөөрүүлнэ

УИХ ирэх 7 хоногоос Монгол улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ. Өнгөрсөн онд манай улс 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргана гэж тооцон улсын төсвөө баталж байсан бол ирэх оны төсөвт 18.2 их наяд төгрөгийг зарцуулж, 15.8 их наяд төгрөгийн орлоготой байна гэж тооцсон байна. Төсвийн орлого, зарлагын хэмжээг тус бүрд нь 4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн ч дараах байдлаар төсвийн зарлагын хэмнэлт гаргана гэж төлөвлөжээ. Ингэхдээ,

---орон тоог хязгаарлах буюу сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх, тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг нөхөн томилгоо хийхээр тусгасан байна.

---бараа үйлчилгээний зардлыг бууруулах чиглэлээр, гадаад албан томилолт, тавилга, эд хогшил худалдан авах зардлыг хязгаарлах

---албан конторын барилга шинээр барих, тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад байгууллага шинээр автомашин авах зардлыг мөн 100 хувь хязгаарлана гэжээ.

---харин бичиг хэргийн зардал, цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын санхүүжилтийг 50 хувиар хязгаарлахаар төсвийн төсөлд тусгасан байна.

Ирэх оны төсвийн төсөлд бүх шатны төсвийн байгууллагуудыг хэмнэлтийн горимд ажиллуулахаар төлөвлөсөн байна. Тэгвэл төрийн алба 198 мянга орчим албан хаагчтай. Үүнээс эхний ээлжид сайд, дарга нарын туслахуудыг цөөлөх байдлаар ажлаа эхлэх бололтой. Тухайлбал сайд нар нэгээс илүүгүй  зөвлөх, туслахтай байх, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байх, засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй байх, тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг нөхөн томилгоо хийхээр төлөвлөжээ. Мөн захиргааны алба хаагчид долоо хоногийн ажлын нэг өдөр гэрээсээ ажиллахыг зөвшөөрөх аж. Учир нь зайнаас ажиллах асуудлыг хөдөлмөрийн гэрээгээр хуульчилсан.

Хэрэгжиж чадах болов уу гэсэн эргэлзээтэй ч хэрэгжүүлчихэд тодорхой хэмжээний төсөв хэмнэх асуудлыг ирэх оны төсөвт тусгасан. Ингэхдээ гадаад албан томилолт, төрийн захиргааны байгууллагуудын тээвэр шатахуун, зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга эд хогшил шинээр худалдан авах, ном хэвлэл худалдан авах, хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, байгууллагын болон салбарын тэмдэглэлт өдөр, ой тэмдэглэх, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой киноны уран бүтээл хийх, албан конторын барилга шинээр барих санхүүжилтийг 100 хувь хязгаарлана гэжээ.

Харин бичиг хэргийн зардал, цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын санхүүжилтийг 50 хязгаарлахаар төсвийн төсөлд тусгасан. Төсөв хэлэлцэгдэх үеэр л өнгийг нь хувиргачихгүй бол одоогоор бүх шатны байгууллагуудад дээрх хэмнэлтийг хийнэ гэж 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгаад байна.