Ургац хураалт ирэх сарын 1 гэхэд дуусах төлөвтэй байна

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлууд эхэлж, ургац хураалт талаас илүү хувьтай үргэлжилж байна. Манай улс энэ онд дотоодынхоо төмс, улаанбуудайн хэрэгцээг бүрэн хангах бол хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг хангах юм байна. Энэ онд улсын хэмжээнд  нийт 655 мянган га-д тариалалт хийсэн. Тодруулбал, 420.2  мянган га-д үр тариа, үүнээс 389.4  мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо тарьжээ. Урьдчилсан тооцооллоор 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авах төлөв гарсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар тариаланчдаас ирсэн мэдээллээр улаанбуудайн үр тариа хураах ажил 52.3 хувьтай байгаа бол төмс хүнсний ногооны хураалт 80 орчим хувьтай үргэлжилж байна.

Энэ жилийн ургац хураалт цаг агаар хүйтэн байснаас шалтгаалан 15 хоногоор хойшилсон гэдгийг албаныхан мэдэгдсэн. Энэ сарын 20 гэхэд ургац хураалтын ажил дуусах байсан бол энэ жил 11-р сарын 1-нд дуусах төлөвтэй байна. 9-р сарын сүүлээр үүссэн шатахууны хомстол ургац хураалт хойшлоход нөлөөлсөн байж болзошгүй гэсэн таамаг байгаа бол ургац хураалтад хэрэглэх шатахуунаа урьдчилж нөөцөлдөг учраас шатахуунаас шалтгаалсан асуудал үүсээгүй гэлээ. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ-ыг тэглэснээр 40 гаруй дэвшилтэд комбайн орж ирсэн бөгөөд ургац хураалтад хэрэглэгдэж байгаа юм байна. Харин хүн хүчний тухайд ургац хураалтад цэргийн алба хаагчид, оюутнууд, хүнсний талонд хамрагддаг нийт 11460 хүн тариалалтын 12 аймагт хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна.