Энэ онд 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй хувийн ЕБС-уудын хувьсах зардлыг танаснаар гурван тэрбум төгрөг хэмнэжээ

Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын норматив хэмжээгээр улсын төсвөөс жил бүр санхүүжилт хийдэг. Хувийн хэвшлийн сургуулийн хувьсах зардал тухайн сургалтын байгууллагын төлбөрийн хэмжээнээс хамаарч 86-459 мянган төгрөгийн хооронд байдаг.

Тэгвэл тоон мэдээллээр, улсын хэмжээнд хувийн хэвшлийн бага, дунд боловсролын 150 гаруй сургууль байдаг. Үүнээс 106 сургууль 5 хүртэлх сая төгрөгийн төлбөртэй бөгөөд нэг сурагчийг 288-459 мянга хүртэлх төгрөгөөр тооцож, нийт сурагчийн хувьсах зардлыг улсаас авдаг бол 12 сургууль 5-10 сая төгрөгийн сургалтын төлбөртэй бөгөөд нэг сурагчийг 173-275 мянган төгрөгөөр тооцдог байна. Харин ердөө 10 сургууль 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй бөгөөд нэг сурагчийг 86-137 мянган төгрөгөөр тооцож, нийт сурагчдын хувьсах зардлыг улсаас авдаг. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн бага, дунд сургуулиуд жилд дунджаар 18 тэрбум гаруй төгрөгийн хувьсах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг.

Харин салбарын сайдын мэдэгдсэнээр цаашид өндөр төлбөртэй сургуулиудад хувьсах зардал олгохгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд зөвхөн 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуулиудад олгох хувьсах зардлыг хязгаарлахад 3 тэрбум төгрөгийг хэмнэжээ.

Хэдийгээр боловсролын  салбарын ачааны хүндээс үүрэлцэж байгаа ч нөгөө талаас өндөр төлбөртэй хирнээ улсын төсвөөс төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд их хэмжээний хувьсах зардал авдаг асуудлаар иргэд шүүмжлэлтэй ханддаг. Учир нь хувьсах зардлын ихэнх хувь хэмжээ нь багш нарын цалин хангамжид зарцуулагддагаас бус сургалтын орчин, сурлагын ахиц гаргахад дэмжлэг үзүүлэхэд чиглэдэггүй.

Цаашид хувьсах зардлыг зөвхөн багш нарын цалингаас гадна боловсролын чанарын үр дүнд суурилж, сургалтын орчныг сайжруулахад, багшийн хөгжил чадварыг нэмэгдүүлэх, суралцагчдад сурлагын ахиц гаргахад нөлөөлөх рүү чиглүүлэх бодлогыг салбарын яамнаас барьж байгаа юм байна.