СЭМҮТ-ийн хийсэн судалгаагаар  цар тахлын үед 4-5 хүн тутмын  нэг  нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна

“Ковид-19” цар тахал иргэдийн сэтгэл зүйд  хэрхэн нөлөөлж байгааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс судалжээ. Уг судалгаагаар 4-5 хүн тутмын нэг нь цар тахлаас шалтгаалсан сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн дүгнэлт гарчээ. 

СЭМҮТ-ийн хийсэн уг судалгаанд цахимаар 6000 гаруй хүн хамрагдсан байна. Судалгааны үр дүнд  30-39 насны гэртээ байгаа иргэд, 500 мянгаас 1 сая хүртэлх орлоготой иргэд, төрийн болон эрүүл мэндийн албан хаагчид, өдөрт 6-с дээш цаг цахимаар ажилладаг иргэд бусдаас илүү сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж  гарчээ. Гол шалтгаан нь “Ковид-19”-ийн халдвараар өвдөх вий гэсэн айдас, урт хугацааны хөл хорионд орж  тусгаарлагдах, санхүүгийн хямрал, цахимаар ажлаа хийх шинэ амьдралын хэв маяг зэрэг нь нөлөөлжээ. Ялангуяа “Ковид-19”-ийн халдвараар өвчилсөн иргэд, эрүүл мэндийн ажилчид, олон нийттэй харилцдаг хүмүүс илүүтэй өртсөн байна. Эдгээрийн дийлэнхэд сэтгэл гутрал, түгшилт, нойргүйдэл гэх мэт таагүй шинж тэмдгүүд илэрчээ.

Цар тахлаас үүдэн таны сэтгэл зүйд таагүй шинж тэмдэг илэрвэл амьд харилцааг эрхэмлэх, зөв хооллох, сайн унтах, дасгал хөдөлгөөн хийх, амьсгалын дасгалыг тогтмол хийх сэтгэл зүйгээ хамгаалах энгийн аргуудыг хэрэглэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.