Москвад “Ковид-19”-ийн халдварын тархалтын улмаас шинэ хязгаарлалтын дэглэм тогтоожээ

ОХУ-ын нийслэл Москва хотын эрх баригчид “Ковид-19”-ийн халдварын тархалттай тэмцэх шинэ арга хэмжээ авч байгаагаа мэдэгдлээ. Москва  хотын дарга Сергей Собянины мэдэгдсэнээр, энэ намар амьсгалын замын цочмог вируст халдвар болон амьсгалын замын бусад өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор халдварын байдал хүндэрсэн байна. Москвад “Ковид-19”-ийн халдварын тохиолдлын тоо  зуны саруудаас дөрөв дахин их, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо гурав дахин, хүнд өвчтөнүүдийн тоо хоёр дахин нэмэгдсэнтэй холбогдуулан шинээр хязгаарлалтын арга хэмжээ авсан болохыг хотын дарга хэлжээ. Түүнчлэн Москва хотын даргын мэдэгдсэнээр, 2021 оны 10 дугаар сарын 25-наас 2022 оны хоёрдугаар сарын 25 хүртэл ажил олгогчид ажилчдынхаа 30-аас доошгүй хувийг, түүнчлэн 60-аас дээш насны, суурь өвчтэй бүх ажилчныг, хэрэв тэдний оролцоо нь байгууллагын үйл ажиллагаанд чухал биш бол зайнаас ажиллуулах шаардлагатай гэсэн байна. Үүний зэрэгцээ ажил олгогчид ажилтнуудаа цахимд шилжүүлсэн тухай зохих цахим тайланг долоо хоног бүр гаргаж өгөх ёстой гэж хэлжээ.Түүнчлэн 10 дугаар сарын 25-наас 2022 оны хоёрдугаар сарын 25 хүртэл 60-аас дээш насны оршин суугчид болон архаг өвчтэй хүмүүс гэрийн дэглэм сахих ёстой. Харин цэвэр агаарт алхах, спортоор хичээллэхийг хязгаарлахгүй гэж мэдэгджээ. Мөн сүүлийн зургаан сарын хугацаанд халдвар аваад эдгэрсэн эсвэл вакцин хийлгэсэн хүмүүс “гэрийн дэглэм”-ээс чөлөөлөгдөх юм байна.