Энэ оны гуравдугаар улиралд 13 хүн эцэг, эх байх эрхээ хасуулжээ

Шүүхийн ерөнхий зөвлөл энэ оны 3 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа. Монгол улсын шүүх 2021 оны 3-р улиралд нийт 62138 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн хэрэг маргааны 17 хувийг эрүүгийн хэрэг эзэлж байна. Тодруулбал, энэ оны 3-р улиралд нийт 10515 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэжээ. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.9 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 23.9 хувиар тус тус буурсан байна. Хэдийгээр хэрэг шийдвэрлэлт, ял шийтгүүлэгчдийн тоо буурсан дүнтэй байгаа ч зарим гэмт хэргийн тоо өссөн байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хахууль авах, хүүхдийн эсрэг гэмт хэргүүд өссөн дүнтэй байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгсэд нь ихэвчлэн тэдний эцэг, эх байсан бөгөөд эцэг, эх байх эрхээ хасуулсан 13 хэрэг гарсан нь өмнөх оны мөн үеэс 2.1 дахин нэмэгджээ. 

3-р улиралд өссөн дээрх гэмт хэргүүдийн тоон мэдээллийг хүргэвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 27 хэргээр буюу 16.8 хувиар, хахууль авах гэмт хэрэг 4 хэргээр буюу 14.8 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 10 хэргээр буюу 2.1 дахин өссөн байна. Өмнөх оны мөн үед эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан нь тогтоогдож, эцэг эх байх эрхээ хасуулсан 6 хүн байсан бол энэ оны 3-р улиралд 13 болж өссөн байна. 

Шүүхээс 9895 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8144 хүнд ял шийтгэл оногдуулж, 1142 хүнд хорих ял оногдуулахгүй тэнсэн арга хэмжээ авсан байна. Харин 4576 хүнийг торгох ялаар шийтгэжээ. Харин эрүүгийн хэрэгт хамаарах зарим гэмт хэргийн тоо буурч, бусдын амь насыг хохироох гэмт хэрэг 26.9 хувиар, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 23.4 хувиар, хулгайлах гэмт хэрэг 35.6 хувиар буурсан  үзүүлэлттэй байна.