АНУ-ын хууль тогтоогчид Ираны хөлөг онгоцноос хураан авсан 1 сая гаруй сумыг Украины зэвсэг хүчинд илгээснээ лхагва гарагт мэдэгджээ. Пентагоны албаны төлөөлөгчийн хэлснээр өнгөрсөн жил Ираны эрх баригчдын Йемен дэх “Хусит” босогчдод илгээсэн зэр зэвсгийг хураан авсан байна.
Өнгөрсөн жил Иран улсаас зэвсэг тээвэрлэсэн хөлөг онгоцыг АНУ-ын цэргүүд замд нь хураан авсан бөгөөд хураан авсан зэвсгийнхээ нэг хэсэг болох сумыг Украинд илгээжээ. Лхагва гарагт АНУ-ын Засгийн газар ойролцоогоор 1.1 сая ширхэг 7.62 мм-ийн сумыг Украины зэвсэгт хүчинд шилжүүлснээ онцолжээ. Түүнчлэн Пентагон "2023 оны 7-р сарын 20-ны өдөр эдгээр зэвсгийн өмчлөлийн эрхийг авсан бөгөөд захиран зарцуулах эрх нь АНУ-ын Засгийн газарт хамаарна гэдгийг мэдэгдэлдээ дурджээ.
Уг шийдвэр нь Техран болон Вашингтоны хооронд хурцадмал байдал даамжирсан чухал үед гаргасан байна. Ираны эрх баригчид ОХУ-ын зэвсэгт хүчний Украинд явуулж байгаа эзлэн түрэмгийллийг дэмжиж байгаагаа албан бусаар илэрхийлээд байгаагаас гадна Йемен дэх Хути босогчдын үйл хэрэгт дэмжлэг үзүүлж байгаа юм.
Тэгвэл Украины зэвсэгт хүчин 1.1 сая ширхэг сумыг хүлээн авснаар тулааны талбарт давуу талыг авах магадлал багатай бөгөөд Оросын цэргүүдийг эх орноосоо хөөн гаргахын тулд тэдэнд алсын тусгалын пуужин, агаарын довтолгооноос хамгаалах систем нь илүү чухал ач холбогдолтой гэж шинжээчид дүгнэж байна.
Украины зэвсэгт хүчний сөрөг давшилтын хүчин чармайлтад АНУ-ын цэргийн тусламж чухал үүрэг гүйцэтгэсэн ч Конгрессын танхимын Консерватив үзэлтэй төлөөлөгчид Киевт үзүүлэх санхүүжилтийг танахаа анхааруулаад байна.