Нийгэмд болж буй эрсдэлтэй асуудлыг дуулиан шуугиантайгаар нийтэд зарлах нь сэтгүүлчийн ёс зүйн дүрэмд хориотой

Сэтгүүлч болоод хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгэмд болж буй эрсдэлтэй асуудлыг дуулиан шуугиантайгаар нийтэд зарлах нь сэтгүүлчийн ёс зүйн дүрэмд хориглодог. Энэ нь нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх, иргэдийг төөрөгдүүлэх зэрэг аюултайг мэргэжилтэн онцолж байна.

Дорноговь аймагт 12 настай охин сураггүй алга болж, эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Алга болсон охины талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчид эх сурвалж нь тодорхой бус мэдээллийг цахим сүлжээнд нийтэлсэн. Нийгэмд өрнөж байгаа эмзэг асуудлыг дуулиантайгаар мэдээлсэн нь иргэдийг сэтгэл зүйн хямралд оруулж, төөрөгдүүлжээ.

Иргэд цахим орчинд өдөр бүр мэдээллийн их урсгалд эргэдэг. Мэдээлэл сөрөг хэт эмзэг  байвал иргэдийн хариу үйлдэл шууд сөргөөр илэрдэг байна. Иймд цахим орчноос авах мэдээллийг шүүн тунгаах нь чухал юм

Сураггүй алга болсон охины талаар олон нийтэд мэдээлэхдээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд дараах гурван алдаа гаргажээ. Үүнд:

  1. Батлагдаагүй эх сурвалжийн мэдээллийг сэтгэл хөдлөлөөр яаран  дамжуулснаар мэргэжлийн алдаа гаргасан.
  2. Охины талаарх мэдээлэл нь нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж байгаа тиймээс  сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн дүрэмд сэтгүүлч  аливаа асуудалд хүндэтгэлтэй хандана гэж заасан байдаг ч энэхүү дүрмийг зөрчсөн. Мөн сэтгүүлч онц хүнд гэмт хэрэг, нийгэмд өрнөж байгаа аюултай, эмзэг сэдвийг дамжуулахдаа мэргэжлийн хянамгай хандах байсан.
  3. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг субъект. Харин сэтгүүлч хувийн хандлагаар нийгмийн харилцаанд орж хувийн цахим хаягаар мэдээлэл түгээсэн. Иргэд олон нийт баримтгүй мэдээлэлд итгэсэн.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийг түгээхдээ баталгаат эх сурвалжаар хянуулж магадалсан байх шаардлагатай. Ингэснээр цахим орчинд өрнөж байгаа мэдээллийн их урсгалаас ялгарч мэргэжлийн түвшинд ажиллах нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын чадвар, мэргэжлийн онцлог гэдгийг мэргэжилтэн онцолж байсан юм.