Бэлгийн гэмт хэрэг үйлдэгч нь насан туршдаа ижил үр дагавартай гэмт хэргийг давтан үйлдэх хандлагатай байдаг

АНУ-д шоронгоос суллагдсан 10 хүн тутмын найм нь давтан ямар нэг төрлийн гэмт хэрэг үйлдэж хуулийн байгууллагаас тохирсон ял шийтгэлээ хүртдэг талаар тус улсын хууль зүйн яамнаас нийтэлсэн тайланд дурджээ. Тэгвэл бэлгийн хүчирхийл үйлдсэн этгээд нь шоронгоос суллагдсаныхаа дараа ч ижил төрлийн гэмт хэрэг давтан үйлдэх хандлага насан туршид нь ажиглагддаг гэдгийг судалгаагаар тогтоосон байна.

Өнөөдрийг хүртэл “Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь давтан гэмт хэрэг үйлдсэн тухай хамгийн өргөн хүрээг хамарсан судалгааг” АНУ-ын Хууль Зүйн яамны Кримонологич Ланган, эрдэмтэн Шмитт, Дуроз нар 2003 онд танилцуулсан байна. Судлаачид бэлгийн хүчирхийлэл үйлдэн ял шийтгэлээ эдлэн 1994 онд суллагдсан 15 мужийн 9691 эрэгтэйн амьдралын хэв маяг, нийгэм дэх оролцоо, гэмт хэрэг үйлдэх давтамжийг нарийвчлан судалсан байна. Тухайн жил АНУ-ын муж улсын шоронгуудаас суллагдсан 9000 гаруй бэлгийн гэмт хэрэгтнүүдийн хяналтын гурван жилийн хугацааг ашиглан судлаачид тэднийг илүү ойроос ажиглах, тандах боломж олдсон байна.

Тэгвэл шоронгоос суллагдсан 9000 гаруй бэлгийн хүчирхийлэл үйлдэгсдийн 43 хувь нь хяналтын гурван жилийн хугацаанд ямар нэг төрлийн гэмт хэрэг үйлдэн ахин баривчлагдаж ял шийтгэл хүртсэн байна. Энэ нь шоронгоос суллагдсан бэлгийн хүчирхийлэл үйлдэгсдийн 10 хүн тутмын 4 нь ердөө гурван жилийн хугацаанд эргэн шоронгийн хаалга татсан гэсэн үг байна. Тэгвэл хяналтын гурван жилийн хугацаанд гэмт хэрэгт холбогдсон 4000 гаруй этгээдийн 17 хувь нь дахин хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн бол 30 орчим хувь нь бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн эсвэл холбогдсон байна. Харин үлдсэн 53 хувь нь хүчирхийллийн шинж чанартай хэрэгт холбогдсон эсвэл нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн байна. Эрдэмтэн, судлаачид бэлгийн хүчирхийлэл үйлдэгчийн ердөө гурван жилийн хугацаан дахь давтан гэмт хэрэг үйлдэх түвшнийг судлахад ийм үр дүн гарсан бол ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгч нь 5,10,15 жилийн хугацаанд дахин бэлгийн сэдэлтэй гэмт хэрэг үйлдэх магадлал ердийн хүмүүстэй харьцуулахад 35-40 дахин их байна. Энэ нь бэлгийн хүчирхийлэгч нь насан туршдаа ижил төрлийн гэмт хэрэг үйлдэх хандлагатайг илтгэж байна гэж судлаачид дүгнэжээ.

АНУ-д хуулийн байгууллагаас бэлгийн гэмт хэрэг үйлдэн хорих ялаар шийтгэгдсэн этгээдийг шоронгоос суллагдсаны дараах гурван жилийн хугацаанд хяналт тавих, олон нийтийн газар, тэр дундаа сургууль цэцэрлэг, хүүхэд олноор зорчдог болон эмэгтэйчүүдийн олноор байрладаг цэгүүдээр зорчихыг хориглодог байна. Ял шийтгэгдэж байсан этгээдийн ул мөрийг өмнө нь пейжер, суурин утас ашиглан мөшгөж байсан бол орчин үед цахим технологийн тусламжтайгаар хянадаг болжээ.

Мөн АНУ-д бэлгийн шинж чанартай гэмт хэргийг ихэвчлэн хохирогчийн статус дээр үндэслэн шүүж, шийтгэдэг байна. Жишээлбэл бэлгийн сэдэлтэй гэмт хэрэг үйлдсэн этгээдийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулснаас илүүтэйгээр хүнд хэрэгт тооцогдож, хатуу шийтгэл хүлээлгэдэг байна. Тэр дундаа хүүхэд, насанд хүрээгүй хүүхдүүдийг онилсон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг нь хамгийн ноцтойд тооцогддог. Хүүхдийг золиосолсон бэлгийн гэмт хэргийг насанд хүрэгчдэд чиглэсэн гэмт хэргээс өөрөөр ялладаг байна. АНУ-ын дийлэнх мужид насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг, мөн давтан эсвэл хохирогчийн амийг бүрэлгэсэн, хоёр болон түүнээс хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг хавсарсан хэрэг үйлдсэн хэрэгтнийг цаазаар авах хүртэл ялаар шийтгэдэг байна.