Өнгөрөгч Бямба гарагт Афганистан улсад хоёр удаагийн давтамжтай 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа 2400 орчим хүн амиа алдсан нь тогтоогджээ. АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр Афганистаны баруун Херат мужид болон ойр орчим бүс нутагт хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Афганистаны шуурхай албаны аврагчид Херат мужийн оршин суугчдыг барилгын нуранги доороос татан гаргах ажиллагаа явуулж байгаа ч амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байгаа гэжээ.
Харилцаа холбоо тасарч, олон зам хаагдсаны улмаас аврах албаныхан алслагдсан бүс нутгуудад хүрч чадахгүй байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн. Газар хөдлөлт өнгөрөгч бямба гарагт орон нутгийн цагаар үдийн 11 цаг орчимд херат хотоос баруун хойд зүгт 40 километр зайд бүртгэгдсэн байна.
Афганистаны шавар барилгын чанар ОУ-ын стандартад огт нийцдэггүй нь хохирлын хэмжээг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлжээ. Улмаар газар хөдлөлтийн эхний доргилтод л херат мужийн 90 гаруй барилга байгууламж бүхэлдээ нурж сүйдсэн талаар гамшгаас амьд гарсан оршин суугчид өрнөдийн хэвлэлд мэдээлжээ. ДЭМБ-ын мэдээлснээр 500 орчим иргэний дэд бүтэц болох барилга байгууламж нурж сүйдэж, 2400 хүн амиа алдаад байгаа гэжээ.
Ням гарагт Афганистан улсыг удирдаж байгаа “Талибан”-ы Засгийн газраас олон улсын хамтын нийгэмлэгт хандан гамшигт нэрвэгдсэн бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалжээ.