Нью-Йорк хотын метроны буудалд зэвсэгт халдлага үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

Өнгөрөгч 1-р сард Нью-Йорк хотын хөл хөдөлгөөн ихтэй метроны буудалд утаа тавьж, дараагаар гар буугаар 10 хүнийг буудан хүндээр шархдуулсан этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ. Брүүклин дүүргийн шүүхээс 64 настай Фрэнк Жеймсийн холбогдсон хэрэг бүрд ял оноосон байна.

Гэмт хэрэгтэн дээрх хэргийг урт хугацаанд төлөвлөж байж үйлджээ. Брүүклиний метроны буудалд болсон халдлагын хохирогчид азаар бүгд амьд үлдсэн боловч "Удаан хугацааны туршид бие махбодын болон сэтгэл зүйн шархтай үлдсэн" тухай хуулийн байгууллагаас мэдээлжээ. Хэрэгтэн халдлага үйлдэх үедээ гар аргаар бэлтгэсэн шингэрүүлсэн хийг агаарт цацсаныхаа дараа буу гаргаж ирэн 32 удаа гал нээсэн байна.

Түүнийг 10 хүний амийг хөнөөхийг завдсан, террорист ажиллагаа үйлдсэн, зохион байгуулалттай гэмт хэргийг урт хугацаанд төлөвлөсөн зэрэг 20 төрлийн хэрэгт буруутган яллаж, чанга дэглэмтэй хорих ангид бүх насаар нь хорих шийтгэл оногдуулжээ.

Өнгөрөгч 1-р сард халдлага гарснаас хойш 30 гаруй цагийн дараа хэрэгтнийг нэгэн дэлгүүрт зүсээ хувирган явж байхад нь цагдаа нар баривчилж саатуулсан бөгөөд тэрээр эхний мэдүүлгээрээ гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх хурлын үеэр хэрэгтний өмгөөлөгчид үйлчлүүлэгч нь сэтгэцийн хүнд өвчтэй, хэн нэгэнд хор хөнөөл учруулах зан үйлийг сайтар ухамсарлах чадамжгүй тул 18 жилийн хорих ялаар шийтгэхийг хүсжээ.