Цөмийн хөдөлгүүрт далавчит пуужингийн туршилтыг амжилттай гүйцэтгэсэн талаар В.Путин мэдээлжээ

ОХУ-ын Батлан хамгаалах яам цөмийн хөдөлгүүрт далавчит пуужингийн туршилтыг амжилттай гүйцэтгэснийг Кремлийн тэргүүн В.Путин мэдээлсэн байна. ОХУ “Буревестник” хэмээх далавчит пуужингийн туршилтыг гүйцэтгэсэн тухай Нью-Йорк таймс сонины таамаглалыг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков няцаасны дараагаар В.Путин дээрх мэдэгдлийг хийсэн нь Барууны хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна.

ОХУ анх 2018 онд цөмийн хөдөлгүүрт пуужинг олон нийтэд танилцуулж байсан төдийгүй энэхүү пуужин нь хязгааргүй тусгалтай гэж Кремлийн тэргүүн В.Путин тухайн үед сайшааж байжээ. Гэхдээ далавчит пуужингийн хүчин чадлын талаар болон өмнө нь хийсэн туршилтууд амжилттай болсон эсэхийг одоогоор баталгаажуулах боломжгүй хэвээр байна.

Түүнчлэн далавчит пуужингийн туршилтыг амжилттай гүйцэтгэсэн тухай зөвхөн В.Путин мэдээлсэн бол ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу шинэ төрлийн зэвсгийн туршилтын талаар албан ёсны тайлбар хийгээгүй юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн сард хиймэл дагуулаас авсан гэрэл зурагт хуучин ЗХУ-ын үед цөмийн пуужингийн туршилт явуулж байсан Арктикийн алслагдсан бүс нутагт ОХУ-ын Батлан хамгаалах яам шинээр барилга байгууламж босгосныг харуулжээ. Баренцын тэнгисийн хойд бүс нутагт орших Новая Земля арал дээр баригдаж байгаа барилга байгууламжийн зориулалт мөн тодорхойгүй байгаа юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Одоогоос хэдэн жилийн өмнө олон нийтэд танилцуулж байсан стратегийн цөмийн зэвсгийн туршилтыг бид амжилттай гүйцэтгэж дууслаа. Цөмийн хөдөлгүүрт далавчит пуужингийн тусгалын зай хязгааргүй төдийгүй Буревестникийн эцсийн туршилт амжилттай боллоо” хэмээн мэдэгдсэн байна.

НАТО-ын эвслийн тодорхойлсноор “Skyfall” хэмээх ОХУ-ын стратегийн далавчит пуужин нь хөөрөхдөө хатуу түлш ашигладаг бол хөөрснийхөө дараа цөмийн реактороор ажилладаг байна. 

Тэгвэл Өрнөдийн улсуудын Батлан хамгаалах салбарын тэргүүлэх шинжээчид Оросын цөмийн хөдөлгүүрт далавчит пуужингийн өмнөх 13 удаагийн туршилт амжилтгүй болсныг тагнуулын мэдээллээсээ эш татан мэдээлжээ.