Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй байх заалт бүхий хуулийн төслийг өргөн барьжээ

Өнгөрөгч баасан гарагт болсон УИХ-ын ээлжит чуулганаар Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг чангатгах асуудлаар хэлэлцсэн байна. Мөн УИХ-ын зарим гишүүдээс гаргасан саналын дагуу Хүүхдийн эрхийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг холбогдох байнгын хороонд даалгажээ. 

Ойрын үед хүүхэд осолдсон, нас барсан хэргүүд гарч нийгмийг цочирдуулаад байгаа юм.  Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа эдгээр хэргүүд нь үндэсний аюулгүй байдлын асуудал болж байгааг УИХ-ын зарим гишүүд хэлж байгаа юм. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хүнд өршөөл үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй байхыг заасан хуулийг УИХ-д өргөн бариад байгаа юм байна.  

Цагдаагийн байгууллага 1990 оноос хойш алга болсон 10 мянга гаруй хүүхдийг олж эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн тоон мэдээлэл байна. Гэхдээ өнөөдрийн хүртэл олдоогүй 14 хүүхэд байгааг чуулганы хуралдаан дээр гишүүд онцлон хэлж байна. 

Хуралдааны төгсгөлд гишүүд Хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах, Эрүүгийн хуульд хүүхдийн эрхийг зөрчсөн, аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах нь чухал гэдгийг онцлон хэлж байна.