Төв аймгийн Батсүмбэр сумын сургууль гурван ээлжээр хичээллэж байхад Дэлгэрхаан суманд сургууль илүүдэж байна

Сүүлийн өдрүүдэд улсын төсвийн эргэн тойрны асуудал, тэр дундаа төсөвт тусгагдсан сургууль цэцэрлэгийн барилгын асуудал  олны анхаарлын төвд байна. 

2022 оны төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30 сургууль барих ажилд 48.4 тэрбум төгрөг, 50 цэцэрлэг барих ажилд 51.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч 2018, 2019 онд барьж эхэлсэн ч барилгын ажил нь өнөөдрийг хүртэл дуусаагүй сургууль цэцэрлэгийн барилгууд байсаар байна. Үүний нэг жишээ 2019 онд эхэлсэн Төв аймгийн Батсүмбэр сумын 900 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургуулийн барилга юм. Батсүмбэр сумын одоо ашиглаж байгаа сургуулийн барилга 1980 онд ашиглалтад орсон 300 гаруй хүүхдийн багтаамжтай хэдий ч одоогоор гурван ээлжээр 1200 хүүхэд хичээллэж байна. Хэрэв шинэ сургуулийн барилга ашиглалтад орвол 2 ээлжээр хичээллэх боломжтой болох юм байна. 

Энэ мэт сургууль цэцэрлэгийн барилга зайлшгүй шаардлагатай газрууд байгаа ч нөгөө талд УИХ-ын зарим гишүүд тойрогтоо ямар ч тооцоо судалгаагүй бариулсан 11 сургууль байна. Жишээ нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын 320 хүүхдийн суудалтай сургуульд 215 хүүхэд хичээллэдэг ч улсын төсвийн 2020 оны хөрөнгөөр тус суманд дахин 160 хүүхдийн суудалтай сургууль барихад 1.1 тэрбум төгрөг төсөвлөсөн нь ил болоод байна.  

 Улсын төсвийг хэрхэн буруу зарцуулж байгааг Төв аймгийн 2 сумын жишээнээс харж болно. Үүний цаана яг ийм байдлаар баригдсан 10 сургууль байна. Сургуулийн төсөв сурагчдын багтаамжаас шалтгаалж 1.1- 3 тэрбум төгрөг байдаг. Гэтэл сурагчид нь 3 ээлжээр хичээллэдэг суманд баригдаж байгаа сургуулийн барилга төсөвгүй, царцсан тохиолдол олон байна.

Тэгвэл улсын төсвийн мөнгийг тооцоо судалгаагүй зарцуулсан гишүүд одоогоор ямар нэгэн  хариуцлага хүлээх зүйл байхгүй гэлээ. Тиймээс цаашид төсвийн буруу зарцуулалтад анхаарч, төсөв батлахын өмнө хийгдэх ажил, баригдах сургууль цэцэрлэгийн хүчин чадал, хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлох шаардлагатай байна.