Эм ханган нийлүүлэх төв, эмийн сангуудад дуслын систем, дуслын шингэн тасарсан байна

БНХАУ 10 дугаар сарын 14-нд хилээ хааснаас хойш манай улс импортын барааны хомстолд ороод байгаа. Тэр дундаа хамгийн чухал хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгслийн хомстол үүсэж өнөөдрийн байдлаар эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангууд хамгийн өргөн хэрэглэдэг 2-3 нэр төрлийн хэрэгсэл тасраад удаж байгааг хэлж байна. Тиймээс нэн шаардлагатай 200 тонн эм, эмнэлгийн хэрэгслийн ачааг онгоцоор тээвэрлэн авчрах шаардлагатай байгаа ч одоогоор хэзээ тээвэрлэж авч ирэх нь тодорхойгүй байна. Монгол улс эм эмнэлгийн хэрэгсэл болон үйлдвэрлэх түүхий эд, туслах материалаа БНХАУ, ОХУ, БНСУ, БНЭУ-аас импортолдог байна. 

БНХАУ-ын Эрээн боомтод манай улсын 17 байгууллагын 37 ачаа, Тьянжин боомтод 14 байгууллагын 21 ачаа саатсан. БНСУ-ын Инчон боомтод 4 байгууллагын 7 ачаа, БНЭУ-д 7 байгууллагын 17 ачаа тээвэрлэх захиалга өгчээ. Харин тус асуудлыг шийдвэрлэх хамтарсан баг хомстоод байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг онгоцоор тээвэрлэн авчрах шаардлагатай гэсэн шийдвэрт хүрсэн. Засгийн газарт танилцуулна гэлээ.

Бээжин Сөүл хот руу 2,2 удаагийн нислэг үйлдэхэд 673 сая төгрөг шаардлагатай болсон байна. Цар тахлын улмаас 40 тоннын 1 чингэлгийн тээврийн зардал 35-40 сая төгрөг болсон байжээ. Харин энэ зардал Бээжин хотоос онгоцоор тээвэрлэн авч ирэхэд 54000 доллар буюу 154 сая төгрөг, Сөүл хотоос 182 сая төгрөг шаардагдах юм байна. 

Эм ханган нийлүүлэх байгууллагууд газраар тээвэрлэдэг. Үнийг төлөхөд бэлэн байгаа бөгөөд тээвэрлэлтийн зардлын зөрүүг хэрхэн шийдвэрлэх засгийн газрын шийдвэрийг хүлээж байна.