Өвөрхангай аймагт тариур болон антибиотикууд тасарсан, бусад эм, хэрэгслийн 3 хоногийн нөөцтэй байна 

БНХАУ-ын Эрээн хот хилээ хааж 20 хоноход манай улсын ихэнх эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, орон нутгийн болон зарим эрүүл мэндийн байгууллагууд өргөн хэрэглээний дусал, дуслын систем, тариурын хомстолд ороод байна. Үүний нэг жишээ Өвөрхангай аймагт тариур тасарсан учраас эмнэлэгт хэвтэж байгаа аав руугаа тариур явуулахаар хотоос хайсан ч олдохгүй байгаа тухайгаа нэгэн иргэн хэлсэн юм. Тус эмнэлгээс тодруулахад тариур, “Ковид-19”-ийн халдварын эмчилгээний антибиотик, тариа тасарсан, зарим эм 3-4 хоногийн нөөцтэй байгааг хэлж байна.

Эм эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын агентлагаас эрүүл мэндийн байгууллага болон зах зээлд 18 төрлийн эм, 10 төрлийн эмнэлгийн хэрэгсэл тасалдсан болон тасалдал үүсэх эрсдэлтэй байгааг мэдээлээд байгаа. Тэгвэл иргэд аль хэдий эм тарианы хомстолд ороод эхэлжээ.

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болгож Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс үүсээд байгаа нөхцөл байдлыг тодруулахад тасалдал үүссэн хүнд байгааг хэлж байна. Харин улсын нэгдсэн эмнэлгүүд амин чухал хэрэгцээтэй эм, эмнэлгийн хэрэгслүүдээ нөөцөлсөн, одоогоор тасалдсан үйлчилгээ байхгүй гэлээ. Харин Эрүүл мэндийн сайд тасалдсан эм эмнэлгийн хэрэгслийг татах 4 онгоц гаргах шийдвэр гарсныг танилцуулсан байна. Гэхдээ эм тариа аль хэдий тасарсан, зарим эрүүл мэндийн байгууллагууд 3 хоногийн нөөцтэй байхад хил боомтууд дээр гацсан эм, эмнэлгийн хэрэгсэл хэзээ Улаанбаатарт ирэх нь тодорхойгүй байна.