АНУ-ын Үндэсний тагнуулын албанаас “Ковид-19”-ийн халдварын гарал үүслийг хэзээ ч тодорхойлох боломжгүй гэж үзжээ

АНУ-ын Тагнуулын албанаас явуулж байгаа “Ковид-19”-ийн гарал үүслийг тогтоох судалгааны ажил 18 сарын турш үргэлжилж эхний шатны тайлангаа эрх баригчдад танилцуулжээ. АНУ-ын Тагнуулын албаны даргын мэдэгдсэнээр уг вирус нь амьтнаас хүнд халдсан эсвэл лабораторийн туршилт хийх үедээ санамсаргүйгээр алдсан гэдэг энэ хоёр таамаглал аль аль нь бодит хэмээгээд цаашид илүү ахисан түвшинд судалгааны ажил явуулах үйл хэрэгт БНХАУ-ын талаас туслалцаа үзүүлэх шаардлагатай байгаа гэдгийг мэдэгджээ. Гэсэн хэдий ч Хятадын талаас АНУ-ын эрдэмтдийн болон тагнуулын байгууллагатай хамтран ажиллах боломжгүй гэдгээ хэдий нь мэдэгдчихээд байгаа. Хэрэв тус улсын талаас хамтарч ажиллах боломжгүй хэвээр байвал “ковид-19”-ийн гарал үүслийг хэзээ ч тогтоох боломжгүй гэдгийг онцолсон байна. Үүнтэй холбоотойгоор Вашингтонд суух БНХАУ-ын Элчин сайдын яамнаас өчигдөр гаргасан мэдэгдэлдээ АНУ-ын тал халдварын гарал үүслийг тодорхойлохын тулд тагнуулын байгууллагад найдаж байгаа нь улс төрийн жүжиг, асуудлыг улс төржүүлж байгаа оролдлогыг эсэргүүцэж байна гэдгээ мэдэгдсэн байна. 

2019 онд анх “ковид-19”-ийн халдвар Хятадын Ухань хотод илэрснээс хойш ийнхүү 2 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч Бээжингийн зүгээс дэлхийн улс орнуудтай хамтарч вирусийн гарал үүслийг тогтоох ажилд оролцохгүй байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм. АНУ-ын тагнуулууд “ковид-19”-ийн халдварын вирус нь генетикийн ямар нэг өөрчлөлтөд ороогүй байх үедээ анх халдварлаж эхэлсэн гэж дүгнэсэн. Тиймээс энэ нь хэн нэгэн санаатайгаар биологийн зэвсэг болгон ашиглах зорилгоор зохион бүтээгээгүй гэдэг дээр санал нэгдсэн байна.