Италийн Ром хотод эхэлж байгаа “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болон Шотландын Глазго хотноо болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр нүүрсний хэрэглээг үе шаттайгаар халах тухай гэрээг улс орнуудтай дахин шинээр байгуулна гэж мэдээлж байна. Тэгвэл уг гэрээнд Австрали улсын талаас нэгдэхгүй гэдгээ тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон “Австралиан” телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ
Тэрбээр “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Ромд хүрэлцэн очоод байгаа юм. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон уг уулзалтын үеэр "Австралийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавихаар төлөвлөж байгаа бөгөөд нүүрсний олборлолтыг үе шаттайгаар зогсоох, чулуужсан түлшнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тухай гэрээнд гарын үсэг зурахгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм.
Түүнчлэн тэрээр “дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дор бүрнээ арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн австрали улсын зүгээс 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг хамгийн бага түвшинд хүргэх зорилт дэвшүүлсэн. Гэхдээ тус улсын дагаж мөрдөх тухай хуульд заавал нүүрсийг хориглохийг зүйлчлэхгүй бөгөөд аж ахуйн нэгжүүд нүүрсний хэрэглээг орлуулж болох байгаль орчинд ээлтэй эрчим хүчний бусад эх үүсвэрийг ашиглахыг уриална” гэж мэдэгджээ. Үүнийг олон улсын судлаачид Австрали улсын нүүрсний экспортоос олох ашиг нь үлэмж хэмжээгээр багассан, байгалийн хийн нийлүүлэлт тасалдсан энэ үед найрсаг бус үйлдэл гэж дүгнэжээ.