Өчигдөр Шотландын Глазго хотод НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний чуулган эхэллээ. Чуулганы эхний өдөр ой мод тайрч, устгах явдлыг 2030 оноос эхлэн зогсоох гэрээнд дэлхийн 100 гаруй улсын төрийн тэргүүн нар нэгдэж гарын үсэг зуржээ.
НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын эхний өдөр дэлхийн 100 гаруй улсын төрийн тэргүүн нар 2030 он гэхэд ой мод тайрч, сүйдлэх явдлыг зогсооно гэдгээ мэдэгджээ. Эдгээр улс орнууд дундаас дэлхийд мод, модон эдлэл үйлдвэрлэлээр тэргүүлдэг Бразил улс уг гэрээнд нэгдсэн нь олон улсын шинжээчдийн анхаарлыг ихээр татаад байна. Гэрээний дагуу дэлхийн улс орнууд болон мод үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компаниудаас нийт 19.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ой модыг нөхөн сэргээх үйлсэд зарцуулна гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор бага хурлыг зохион байгуулж байгаа Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон “манай гарагийн ой модыг хамгаалах, сэргээх маш том тохиролцоонд хүрлээ” гэдгийг олон нийтэд зарлажээ. Гэрээнд гарын үсэг зурах орнуудын дотор Бразилаас гадна Канад, Орос, Индонез зэрэг ой модны томоохон нөөцтэй орнууд багтжээ. Манай дэлхийг хэт халалтаас гол хамгаалагчдын нэг нь ой мод юм. Мод агаар мандлаас нүүрсхүчлийн давхар ислийг өөртөө шингээдэг. Жил бүр дэлхийн хэмжээнд ялгардаг нүүрсхүчлийн давхар ислийн гуравны нэг орчмыг ой мод өөртөө шингээж авдаг байна. Өнөөдрийн байдлаар нэг минут тутамд 27 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модод устаж байгаа. Ойг устгаж, газрыг нь хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах явдал үүний гол шалтгаан болдог байна.