АНУ 5-11 насны хүүхдүүдийг “ковид-19”-ийн халдварын эсрэг вакцинд хамруулж эхэллээ

Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас “Пфайзер-Бионтех” компанийн үйлдвэрлэсэн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд тарих зөвшөөрлийг олгоод байсан юм. Тэгвэл тус улсын Халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төвөөс хүүхдэд зориулсан вакциныг дархлаажуулалтын цэгүүдэд хүргүүлж өнөөдрөөс нэг сая хүүхдийг вакцинд хамруулах ажил эхлээд  байна. 

АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “ковид-19”-ийн халдварын эсрэг “Пфайзер-Бионтех” компанийн бүтээсэн вакцины 15 сая тунг муж улсуудын дархлаажуулалтын цэгүүдэд түгээж эхэлсэн талаар мэдээлжээ. Түүнчлэн энэ 7 хоногоос бага насны хүүхдүүдийг вакцины эхний тунд хамруулж эхлэхээр болжээ. Тэгвэл “Пфайзер-Бионтех” компанийн явуулсан эмнэлзүйн туршилтаар 12-оос дээш насны хүүхдэд болон насанд хүрэгчдэд 30 микро грамм бүхий “Пфайзер-Бионтех” компанийн үйлдвэрлэсэн вакцины 2 тунг хийсний дараа халдварын эсрэг биетийн үзүүлэлт 95 хувьтай байсан. Харин 5-11 насны хүүхдүүдэд 30 хоногийн зайтай 10 микро грамм вакцины 2 тунг тарьсны дараа 90.7 хувийн үр дүнг харуулжээ. Тэгвэл Америкийн  нэгдсэн улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн насны 28 сая хүүхэд “ковид-19”-ийн халдварын эсрэг вакцинд хамрагдах ёстой байна. Үүнээс гадна хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр одоогийн байдлаар АНУ-д 68 мянган сургууль цэцэрлэг түр хугацаанд хаалгаа барьж, 2 сая гаруй төрийн албан хаагч бага насны хүүхдүүдийг вакцины эхний тунд хамрагдсаны дараа ажилдаа эргэн орно гэдгийг мэдэгджээ. Хэдийгээр бага насны хүүхэд “ковид-19”-ийн халдварын улмаас амь насаа алдах эрсдэл бага хэдий ч урт хугацааны сөрөг шинж тэмдгүүд илэрч байгаа. Мөн халдварыг дамжуулах хэрэгсэл болсноор халдварын тархалтыг хязгаарлахад хүндрэл учруулж байна гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш 2 жилийн хугацаанд 0-18 насны 4000 орчим хүүхэд “ковид-19”-ийн халдварын улмаас амь насаа алдаад байгаа юм.