Энэ он гарсаар нийслэлийн хэмжээнд 60 өрхийн 116 иргэн угаартжээ

Маргаашаас нийт нутгаар эрс хүйтэрч, өдөртөө хасах хэм рүү орно гэж мэдээлж байгаа. Тиймээс хот хөдөөгүй галлагааны ид үе эхэлж байна. 2019 онд гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн иргэд сайжруулсан шахмал түлшээр галлаж эхэлснээс хойш угаарын хийд хордох тохиолдол багагүй гарч байгаа.

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн эхний жил буюу 2019-2020 оны галлагааны улиралд 900 гаруй өрхийн 2970 иргэн, 2020-2021 оны галлагааны улиралд 350 гаруй өрхийн 786 иргэн угаартсан гэсэн үзүүлэлт байна. Тэгвэл энэ жилийн эхний 10 сарын байдлаар 60 өрхийн 116 иргэн угаартсан гэсэн мэдээлэл байна. Эдгээр угаартсан 60 өрхийн 30 нь угаарын хийн мэдрэгчээ салгасан байсан бол, 22 өрх нь угаарын хий мэдрэгчээ эвдэлсэн, алга болгосон, харин 8 өрхийн угаарын хийн мэдрэгчийн зай нь  дууссан байжээ.

Таван толгой түлш ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн хордлогод өртөж болзошгүй эрсдэлтэй 63000 айл байгаа гэсэн судалгаа гаргасан. Тэдгээр айлуудын 20-30 хувьд нь угаарын хийд мэдрэх төхөөрөмж суурилуулаад байна. Гэсэн хэдий ч иргэд буруу галлах, зуух пийшин нь чанарын шаардлага хангахгүй байх, угаарын хий мэдрэгчээ буруу ашиглах, зайг нь салгах зэргээс шалтгаалан угаарын хийд өртөж, хордох тохиолдлууд гарсаар байна. СХД-ийн тухайд энэ сард гэхэд л 5 өрхийн 12 хүн угаартсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Угаартах эрсдэлээс сэргийлж иргэдийг гэр байшингийн яндангаа тогтмол хөөлөх, зуухны битүүмжийг шалгах, яндангийн хаалтыг нээлттэй байлгах, галлагааны үед яндан зуухыг салгахгүй байхыг уриаллаа.