АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “БНХАУ, ОХУ-ын эрх баригчдыг уур амьсгалын асуудалд тоомсоргүй хандаж байна” гэж шүүмжилжээ

“ОХУ, БНХАУ-ын удирдагчид Ромд болсон “Хорийн Бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт болон Глазгод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцод оролцогч талуудын 26-р бага хуралд оролцохоос татгалзсанаараа алдаа гаргаж байна” гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлын хүрээнд зохион байгуулсан дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн хоёр өдрийн дээд түвшний уулзалт буюу “Их-20”-ийн орнуудын цугларалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн байна.

Хэвлэлийн хурлын үеэр түүнээс БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг яагаад эдгээр чухал уулзалтуудад оролцоогүй талаар тайлбар өгөхийг хүссэн байна. “Хятад, Орос, Саудын Араб оролцохгүй байгаа нь асуудал болж байна гэж би хэлсэн. Бид чуулганд хүрэлцэн ирсэн. Ийнхүү ирснээрээ бид дэлхийн бусад улс орон АНУ-ыг хэрхэн харж, түүний манлайллын үүргийг хэрхэн дүгнэхэд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн гэж бодож байна” гэж Байден хэлжээ. Тэрээр мөн "Үнэнийг хэлэхэд Хятад улс энэ хоёр чуулга уулзалтад оролцохгүй байснаараа маш том алдаа гаргалаа гэж би бодож байна. Дэлхийн бусад улс орон Хятадыг хараад, энэ улс ямар үнэ цэнийг илэрхийлэх вэ? гэж асууна. Мөн тэд дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст болон энд цугларсан эрх баригч нарт болон бүх хүнд нөлөөлөх чадвараа алдсан” хэмээн нэмж хэлжээ. Харин энэ мэдэгдлийн дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-д цар тахлын нөхцөл хүндэрсэн учраас уулзалтад оролцох боломжгүй болсноо  илэрхийлээд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэдгээ мэдэгджээ.