Жолоочийн хариуцлагын даатгалыг төр хариуцах нь ААН-ийн ажлыг булааж, хууль зөрчсөн үйлдэл гэж хуульч үзэж байна

УИХ гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй 20 гишүүний өргөн мэдүүлсэн “Жолоочийн даатгалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгад жолоочийн хариуцлагын даатгалыг төрийн оролцоотой корпорац хариуцдаг болох өөрчлөлтийг тусгасан. Харин энэ өөрчлөлтийг олон нийт болон даатгалын компаниуд, компанийн ажилтнууд эсэргүүцэж байна. Хуулийн өөрчлөлтийг санаачлагчид нийтийн сайн сайхны төлөөх үйлчилгээг ашгийн компаниуд хариуцаж болохгүй гэсэн тайлбар өгөөд байгаа бол хуульч энэ асуудлыг хувийн компаниудын ажлыг булаасан, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 

Манай улсын даатгалын салбарт 14 компани, 56 брокер, 2600 гаруй даатгалын төлөөлөгч, 5000 гаруй хүн ажилладаг.  Харин 650 мянга гаруй даатгуулагч жолоочийн хариуцлагын даатгалд хамрагддаг бөгөөд даатгалын үйлчилгээний тавны нэг буюу 16.6 хувийг бүрдүүлдэг гол үйлчилгээний нэг. 2020 онд даатгалын компаниуд тус үйлчилгээнд 17.5 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ. Нөхөн олговор олгох ажлыг даатгалын компаниуд 24 цаг дотор шийдвэрлэдэг, цаашид цахимаар шийдвэрлэдэг болохоор ажиллаж байгаа үйлчилгээ, төрд шилжүүлэх шаардлагагүй гэж салбарынхан үзэж байна.

Тэгвэл хуульч үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж, зөвхөн хувийн байгууллагуудын хийж чадахгүй ажилд төр засгийн оролцоо шаардлагатай гэлээ. Түүнчлэн, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас тус хуулийн өөрчлөлтийг төрийн өмчит ААН байгууллагын тоог цөөлж, төрийн зарим үйл ажиллагааг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зэргээр хувийн хэвшлээ дэмжинэ гэсэн бодлого зорилтоо зөрчиж байна гэсэн мэдэгдэл гаргаад байгаа юм.