Автомашингүй ӨЭМТ-ийн эмч, сувилагч нар айлаас айлын хооронд 10 гаруй км алхаж, тусламж үзүүлж байна

“Ковид 19”-өөр өвчлөгсдийн дийлэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа учраас эмчилгээний ачааллын 70 орчим хувь нь өрхийн эмнэлгүүд дээр ирж байна. Гэсэн ч өрхийн эмнэлгийн үйлчилгээ иргэдэд хүрэлцэхгүй, өндөр ачаалалтай байгааг салбарынхан хэлж байгаа. Үүнд автомашин техник хэрэгслийн дутмаг байдал ихээр нөлөөлдөг байна.

Улсын хэмжээнд өрхийн эрүүл мэндийн 225 төвд 1800 эмч сувилагч нийт 2,4 сая иргэнд үйлчлэх хуваарьтай ажилладаг ч эмнэлгүүд хүний нөөц болон автомашин техник хэрэгслийн дутагдлаас үүдэн хамран үйлчлэх иргэддээ хүрч үйлчилж чадахгүй байна. Машингүй эмнэлгийн эмч сувилагч нар хүйтний улиралд шинжилгээний сорьц, багаж, эмийн багцаа үүрээд 10 гаруй км ч алхаж, үзлэг эмчилгээ, яаралтай тусламж үзүүлэх тохиолдол гарч байна.

Ковидын эмчилгээнээс гадна өглөө 9-16 цаг хүртэл түргэн тусламжийн төвд ирсэн ухаан алдах, харвах зэргээс бусад шалтгаантай дуудлагыг өрхийн эмнэлгүүд авч, хариуцан ажилладаг нь тэдэнд жирийн үед ч автомашин зайлшгүй хэрэгтэйг харуулж байна. 

Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос өрхийн эмнэлгүүдэд нийт 168 автомашин шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гаргаж Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлсэн ч ирэх оны төсөвт суулгах боломжгүй гэсэн хариу авчээ.

Орон нутаг, дүүргээс сонгогдсон УИХ гишүүд өрхийн эмнэлгийн ачаалал нөхцөл байдлыг харж хуваарилагдсан төсөв санхүүжилтийг өрхийн эмнэлэгт автомашин авах зэрэг чухал ач холбогдолтой ажлуудад зарцуулах шаардлагатай байна. Түүнчлэн, ирэх оны улсын төсвөөс цаг үеэ мэдэрсэн зайлшгүй шаардлагатай  хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн байгууллагуудад хийх хэрэгтэй байгааг эмч ажилтнуудын ачаалал харуулсаар байна.