БНХАУ-ын импорт, экспортын эргэлт нэмэгджээ

БНХАУ-ын импорт, экспортын хэмжээ энэ оны эхний 10 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.2 хувиар өссөн гэдгийг өнгөрөгч ням гарагт танилцуулсан албан ёсны тоон мэдээлэл харуулжээ. Тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, тухайн хугацаанд гадаад худалдааны эргэлт 31 их наяд юаниар буюу 4.9 их наяд ам.доллар хүрсэн нь “Ковид-19”-ийн халдвар дэгдэхээс өмнөх үеээс 23.4 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

БНХАУ 2001 онд дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр тус улсын хөгжил дэвшил, гадаадын хөрөнгө оруулалт төдийгүй экспорт, импортын орлого нь өсжээ. Түүнчлэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус улсын гадаад худалдааны эргэлт даруй 40 хувиар нэмэгдсэн гэдгийг олон улсын эдийн засагчид мэдээлсэн байна. Мөн дээрх хугацаанд дэлхийн эдийн засгийн өсөлтөд дунджаар 30 орчим хувийн нэмэр оруулсан Хятад улс нь өдгөө дундаж орлоготой хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлж байна. Дэлхийн 120 гаруй улс орны хувьд худалдааны хамгийн том түншүүдийнх нь нэг, Европын холбоо болон Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны хувьд худалдааны хамгийн том харилцагч, бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч  нь болж чадсан гэдгийг тус улсын Гаалийн ерөнхий газраас дэлгэсэн тоон мэдээлэлд тусгажээ. Энэ оны сүүлийн хагасын байдлаар БНХАУ-аас АНУ-руу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлвэл, АНУ-ын иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг, хамгийн эрэлттэй 10 бараа бүтээгдэхүүний дөрөв нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн байна. 

Сүүлийн үед дэлхий дахинд борлуулалтын салбарт шинэчлэл авчирсан хил дамнасан цахим худалдааны салбарт тус улсын эзлэх хувь ч нэмэгдэж, энэ оны эхний есөн сарын байдлаар 353 тэрбум ам долларын ашигтай ажилласан гэдгийг тоон мэдээлэлд мөн дурджээ.