Сьерра Леон улсын нийслэл Фритаун хотын захад өнгөрөгч баасан гаргийн орой шатахуун тээвэрлэгч ачааны тэрэг дэлбэрсний улмаас 100 орчим хүн амиа алдаж, 120 гаруй хүн хөнгөн болон хүнд гэмтсэн талаар тус улсын эрх баригчид мэдээлжээ. Тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас мэдээлснээр, шатахуун тээвэрлэгч ойролцоох шатахуун түгээх станцад нийлүүлэлт хийх мөчид боржин чулуу ачсан ачааны тэрэгтэй мөргөлдсөнөөс дээрх явдал гарсан байна.
Ачааны тэрэгний жолооч нар дэлбэрэлт үүсэж болзошгүй тул иргэдийг ослын газраас хол байхыг анхааруулж байсан гэж ослын газрын ойролцоо явж байсан хүмүүс мэдээлжээ. Гэвч осолдсон автомашинаас асгарах шатахуунаас савлаж авах гэж олон хүн цугларсан үед дэлбэрэлт болсон нь хүний амь үрэгдэх шалтгаан болсон байна. Уг дэлбэрэлтийн улмаас өнөөдрийн байдлаар 100 орчим хүн амиа алдаж, 120 гаруй хүн хүнд болон хөнгөн гэмтсэн байна. Сьерра Леон улсын ерөнхийлөгч Жулиус Маада Био харамсалтай явдал тохиосонд эмгэнэл илэрхийлээд, Засгийн газар “Осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргана” гэж мэдэгджээ.