Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшсэн зарим хүн УИХ-ын ХЗБХ-ны гишүүдэд таалагдсангүй 

Шүүхийн хараат бус байдлыг төгөлдөржүүлэх зорилготой, шинэчлэн найруулсан шүүхийн тухай хуулиар шүүгчийн мэргэжлийн болон ёс зүйн алдааг хянадаг хүчтэй байгууллага болох шүүхийн сахилгын хороогоор дамжуулж, шүүгч хариуцлага алдсан, ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг байх зарчмыг нарийвчлан зохицуулж өгсөн. Тиймээс 9 гишүүнтэй Шүүхийн сахилгын хороог байгуулахаар хуульчилж, өнгөрөгч 10-р сард нийт шүүгчийн хуралдаанаас 4 гишүүнийг сонгосон. Харин бусад 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ-аас томилохоор болсон. Шүүхийн сахилгын хороонд нийт 24 хүн нэр дэвшсэнээс ажлын хэсэг 5 нэр дэвшигч буюу МУИС-ийн хууль зүйн сургуулийн Ц.Давхарбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн даргаар 2016 оноос хойш ажиллаж байгаа Д.Ариунтуяа, Эрүүгийн цагдаагийн газар ажиллаж байсан Д.Мягмарцэрэн, АТГ-д албаны даргаар ажиллаж байгаа  Х.Хашбаатар, Улсын дээд шүүхэд тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэчулуун нар ажлын хэсгийн гишүүдийн олонх саналыг авсан. Харин өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар томилгооны сонсгол хийлээ.

Шүүхийн сахилгын хорооны 9 гишүүн 1 удаа 6 жилийн хугацаатайгаар ажиллана. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус 5 гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ.