Жолоочийн даатгалын санг төр өөртөө авч, даатгалын салбарт томоохон өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн “Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг дэмжих боломжгүй гэдгээ УИХ дахь МАН-ын бүлгээс мэдэгдлээ. Өмнө нь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжигдсэн ч олон нийтийн дунд багагүй шүүмжлэл өрнөөд байгаа юм. Тиймээс намын бүлгүүд Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг бүлгийн хурлаар авч үзэж, дээрх шийдвэрийг гаргажээ.
Монгол улсад жилд дунджаар зам тээврийн 30 орчим мянган осол болж, ослын улмаас 500 орчим хүн амиа алдаж, 1000 орчим хүн бэртэж гэмтдэг байна. Даатгалын нөхөн төлбөр авахыг хүссэн жолооч нарт зарим компани 28 төрлийн нөхцөл, шаардлагыг тавьж, бүрэн хангасан тохиолдолд нөхөн төлбөрийг олгодог. Одоо мөрдөгдөж байгаа Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжсэн 9 жилийн хугацаанд нийтдээ 231 мянган хүнд 121.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Нийт 1 сая орчим жолоочоос 230.5 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлсэн байна. Тэгвэл “Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д албан журмын даатгалд хамрагдсан даатгуулагч нөхөн төлбөрөө шуурхай, бүрэн авах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Мөн Жолоочийн даатгалын санг төр өөртөө төвлөрүүлж, улмаар бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Гэхдээ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр гишүүд талцаж, МАН-ын бүлэг чуулганаас завсарлага авсан юм.
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.