Бусдын орон сууцыг дамлаж түрээслүүлдэг залилангийн гэмт хэрэг нэмэгджээ

Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 5300 гаруй залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний багагүй хэсгийг орон сууцны залилангийн гэмт хэрэг эзэлж байна. Залилагчид түрээслэгч нарт хуурамчаар үйлдсэн ордероо үзүүлж өөрийн байр хэмээн итгүүлэн бусдын байрыг дамлаж түрээслүүлэх гэмт хэрэг нэмэгдсэн байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээллээс харахад зөвхөн залилах гэмт хэргийн улмаас иргэд, ААН байгууллагууд 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67.2 тэрбум төгрөгийн хохирлыг амсаж байжээ. Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэрэг дотор түгээмэл үйлдэгдэж байгаа, хохирол ихтэй залилах хэргийг үйлдлийн аргаар нь ангилж үзвэл хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдаалах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх зэрэг ордог байна.

Цахим орчинд байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу иргэд хандахад тэдэнд зах зээлийн ханшнаас доогуур, барьцааны мөнгө шаардахгүйгээр сар сард нь төлбөрөө төлж суухыг санал болгож, газар дээр нь мөнгө авч залилан хийдэг тохиолдол элбэг байдаг байна. Иргэд түрээсийн байранд орохдоо байрны ордерыг сайтар шалгаж, тухайн байрны СӨХ-оос сайтар лавлаж тодруулсны дараа төлбөр тооцоогоо хийхийг цагдаагийн байгууллагаас сануулж байна.