БНСУ-ын Засгийн газраас шатахууны албан татварыг бууруулжээ

БНСУ-д шатахууны үнийн өсөлтөөс үүдэн ард иргэдийн амьжиргаа, инфляцад нөлөөлөх сөрөг үр дагавруудыг намжаахын тулд шатахууны албан татварыг өнөөдрөөс эхлэн ирэх он дуустал бууруулжээ. Тус улсын засгийн газрын төлөөлөгчдийн мэдээлснээр, шатахуун, дизель түлш, шингэрүүлсэн нефтийн хийн татварыг 20 хувиар бууруулах шийдвэр ирэх оны эцэс хүртэл хэрэгжих  юм байна. 

БНСУ-ын ЗГ-ын гаргасан шийдвэрийн дагуу бензин шатахууны татвар литр тутамд 820 вон байгаа нь 656 болж буурах бол дизель түлшнийх 582 воноос 466 вон болж тус тус буурчээ. Өмнөд Солонгосд шатахууны татвар нь бензиний үнийн 40 орчим хувьтай тэнцдэг байна. Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар, татварын бууралт дотоодын шатахуун түгээх станцуудын үнэд нөлөөлөхөд хэдэн долоо хоногийн хугацаа шаардагдана гэж мэдэгджээ. 

Дэлхийн эдийн засаг цар тахлын үр дагаврыг даван сэргэж байгаагаас үүдэн нефтийн үнэ сүүлийн гурван жилийн хугацаан  дахь хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэнтэй холбогдуулан БНСУ-ын засгийн газар, эрх баригч нам шатахууны татварыг бууруулах тохиролцоонд 10 дугаар сард хүрсэн юм. БНСУ-д газрын тосны нийлүүлэлт хийж байгаа Дубайн газрын тосны үнэ өнгөрсөн 10-р сард нэг торх нь 83 ам.долларт хүрсэн тул шатахууны үнийн өсөлт тус улсын эрх баригчдын анхаарлаа хандуулах гол асуудал нь болсон байна. Азийн дөрөв дэх том эдийн засагтай тус улсын эрчим хүчний хэрэгцээ бүхэлдээ импортоос хамааралтай байдаг. Өнгөрөгч 7 хоногт нэг литр шатахууны дундаж үнэ 1810 вонд хүрсэн нь 10-р сарын мөн үетэй харьцуулахад 120 воноор өссөн үзүүлэлт болсныг төрийн өмчит Солонгосын үндэсний нефтийн корпорацын мэдээлэл харуулжээ. Шатахууны татварыг бууруулснаар тус улсын засгийн газрын татварын орлого ирэх зургаан сард 3.5 тэрбум ам.доллароор буурах тооцоотой байна. Тус улс нь хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сард нефтийн үнэ 80 ам.доллар давах үед шатахууны татварыг зургаан сарын хугацаанд 15 хувиар бууруулж байжээ.