Эрээн хотод цар тахлын улмаас хөл хорио тогтоогоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хөл хорио тогтоож, авто замын боомтын үйл ажиллагааг хааснаас үүдэн Монгол улс руу импортлох ачаа, тээвэр саатсан ч эм, эмнэлгийн хэрэгсэл, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн болон бусад ачааг төмөр замын тээврээр ээлж дараатай татан авах ажиллагаа үргэлжилж байна. Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр 20 хоногийн дараа гэхэд нөхцөл байдал хараахан хэвийн байдалдаа орохгүй ч ачаа тээвэр тасалдалгүй явагдах юм байна. Одоогоор Монгол, Хятадын ачаа тээвэрлэгчдийн ачааг хилийн тэг цэг дээр чингэлгээр солилцуулах чиглэлээр санал гаргажээ.
Одоогоор Эрээн хотын гаалийн агуулахад хэдий хэмжээний саатсан ачаа байгаа талаарх нэгдсэн мэдээлэл байхгүй. Ачаа барааг лацадсан байдалтай байгаа юм байна.