АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын дээд хэмжээний цахим уулзалт товлосон өнөөдөр өглөө эхэлсэн байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, дээд хэмжээний цахим уулзалт 2 цаг орчим үргэлжилжээ. Энэ уулзалт нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден үүрэгт ажилдаа орсноос хойш хоёр улсын төрийн тэргүүн нар анх удаа хийж байгаа уулзалт юм.
Уг дээд хэмжээний уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, “Хятад, АНУ харилцан ашигтай хамтын ажиллагаагаа тууштай баримтлан, энх тайвнаар зэрэгцэн оршиж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж мэдэгджээ. Түүнчлэн “Дэлхийн эдийн засгаар тэргүүлэгч хоёр улс уур амьсгалын өөрчлөлт, “Ковид-19”-ийн халдвар зэрэг дэлхий нийтэд тулгарч байгаа сорилтуудад үр дүнтэй хариу арга хэмжээ авч, олон улсыг тайван, тогтвортой байлгахын тулд хоёр талын харилцааг эрүүл, тогтвортой байлгах шаардлагатай гэж Ши Жиньпин нэмж хэлснийг Хятадын төв телевиз уламжилжээ. Харин АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден “БНХАУ болон АНУ ашиг сонирхол огтлолцож байгаа асуудал дээр хамтран ажиллах ёстой. Үүнээс гадна аливаа зөрчилдөж байгаа шалтгаануудыг ил тодорхой болгож шударгаар өрсөлдөх нь дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч хоёр улсын хувьд дэлхийн иргэдийн өмнө хүлээж байгаа үүргээ биелүүлж байгаа явдал юм” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр “Дэлхийн улс орнууд бүгд нэг дүрмээр тоглох ёстой гэдгийг мэдэгдээд, АНУ өөрийн ашиг сонирхол, үнэт зүйлс үүнээс гадна холбоотон улс орнууд болон түншүүдийнхээ эрх ашгийг ямагт хамгаалах болно” гэдгээ онцолжээ. Энэ цахим дээд хэмжээний уулзалт хаалттай горимд явагдсан байна.