Нийлүүлэлтийн хомстлоос үүдэлтэйгээр Япон улсын эдийн засаг хумигдаж байна

Япон улсын эдийн засаг өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 хувиар буурчээ. Үүнд “Ковид-19”-ийн эсрэг авч хэрэгжүүлсэн олон удаагийн хөл хорио, цар тахлын улмаас Зүүн Азийн улс орнууд үйлдвэрлэж буй автомашины эд ангийн тоог үлэмж хэмжээгээр багасгаснаар тус улсын автомашины борлуулалт, экспорт саарсан зэрэг нь эдийн засагт нөлөөлсөн гэж үзэж байна. 

Дэлхий дахинд үүсээд байгаа бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал, “Ковид-19”-ийн халдварын улмаас тогтоосон олон удаагийн хөл хорио зэрэг нь Япон улсын аж ахуйн нэгж, компаниуд болон хэрэглэгчдийн санхүүгийн чадварт нөлөөлжээ. Эдгээр шалтгааны улмаас тус улсын эдийн засаг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ оны эхний арван сарын байдлаар 3 хувиар агшсан гэж шинжээчид мэдэгдсэн байна. Тус улсын эдийн засагчид энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүн 0.6 хувиар агшина хэмээн таамаглаж байсан ч одоогийн байдлаар ийнхүү 3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  

Түүнчлэн Япон улсын хэрэглээний зардал өмнөх оноос 1.1 хувиар буурсан байна. Энэ нь Японы хэд хэдэн мужид “Ковид-19”-ийн халдварын тархалтыг хязгаарлахын тулд олон сарын турш онцгой байдал тогтоож, зоогийн газар, цэнгээний газар зэрэг үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг богиносгож, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хязгаарласантай холбоотой ажээ. Мөн Зүүн өмнөд Азийн автомашины эд анги үйлдвэрлэгч улс орнуудад “Ковид-19”-ийн халдвар нэмэгдсэний улмаас үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдож, улмаар Япон улсад хийж байгаа нийлүүлэлт нь тасалдахад хүрсэн байна. Үүнтэй холбоотойгоор Япон улсын автомашин үйлдвэрлэл түр зогсоход хүрч, бизнесийн хөрөнгө оруулалтын хэмжээ 3.8 хувиар, экспортын хэмжээ 2.1 хувиар тус тус буурчээ.