Улаанбаатар хотод хог хаягдлыг шатааж, эрчим хүч гарган авах үйлдвэр байгуулна

Нийслэлчүүд жилд 1 сая гаруй тонн хог хаягдал үүсгэдэг байна. Хэдийгээр хог хаягдлыг дахин боловсруулах, шатааж эрчим хүч гаргаж авах зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой ч манай улс 90 хувийг нь зөвхөн дарж, булж, хог хаягдлаасаа ангижирч байна. Тэгвэл энэхүү нийслэл хотын тулгамдсан асуудал болох хогны асуудлыг шийдвэрлэх томоохон шийдвэрийг өнөөдөр засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас гаргаж, хог шатааж, эрчим хүч гаргаж авах үйлдвэрийг нийслэлд байгуулахаар боллоо.

Нийслэл нийт хог хаягдлын 90 хувийг ландфил буюу хогийн цэг үүсгэн газрын хөрсөнд дарж булах аргыг ашиглан далдалдаг. Гэтэл энэ нь хог хаягдлын менежментийн хамгийн сүүлийн арга бөгөөд хогийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд энэ аргаас татгалзах шаардлага тулгарч байна. Нийслэлийн засаг даргын өгсөн мэдээллээр 2040 он гэхэд нийт хог хаягдлын 50 хувь буюу дахивар нөөцийг дахин боловсруулах, харин боломжгүй хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах боломжтой гэж тооцжээ. Дарж булах аргыг 5-10 хувь бууруулах зорилт тавьсан байна. Одоогоор нийслэл хог тээвэрлэхэд жилд 24 тэрбум төгрөг зарцуулж байгаа бол ландфил буюу булахад 2 тэрбум төгрөг зарцуулж байна.

Улаанбаатар хотод хог дахин боловсруулах 36 үйлдвэр байгаагаас 17 нь л идэвхтэй ажиллаж байна. Гэхдээ хогны асуудлыг нийслэлийн хэмжээнд шийдвэрлэхийн тулд дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг шатаах замаар эрчим хүч  үйлдвэрлэх хэмжээний том үйлдвэрийг зайлшгүй барих шаардлагатай гэж тооцжээ.

Нийслэлийн гэр хороолол 201 мянган өрхтэй бөгөөд нийт хог хаягдлын 48 хувь нь сайжруулсан түлшний үнс юм байна. Одоогоор үнсийг дахин ашиглах, боловсруулах талаар судалгаа хийж байгаа бөгөөд 20 хувьд нь үнс орсон барилгын материал, хот тохижилтын хавтан хийх туршилт амжилттай болсон байна.