Дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 жилд байгаагүй хэмжээнд хүрч өслөө

НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас улирал тутам гаргадаг судалгаагаар хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрөгч 10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 31.3%-иар өсөөд байна. Үүнээс гадна дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ 2011 оны 7 дугаар сараас хойш буюу сүүлийн 10 жилд байгаагүй хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Өнгөрсөн 10-р сард хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд ургамлын тос, үр тарианы төрлийн түүхий эдийн үнийн өсөлт голлох нөлөө үзүүлснийг мэргэжилтнүүд онцолжээ. Түүнчлэн улаанбуудайн үнэ сүүлийн 4 сар дараалан өссөнөөр өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар өндөр үнээр борлуулагдаж байна. Улаанбуудайн үйлдвэрлэлийн гол экспортлогч улс орон болох Канад, АНУ, ОХУ-д авах ургацын хэмжээ буурсан нь ийнхүү нийлүүлэлт багасаж, үнэ өсөх шалтгаан болжээ. Ялангуяа дээд зэрэглэлийн сортын улаанбуудайн үнэ хамгийн өндөр хувь хэмжээгээр өссөн үзүүлэлттэй байна. Ургамлын тосны хувьд сүүлийн нэг сард л гэхэд үнэ нь 10 орчим хувиар өсөж түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Далдуу модны тосны үнийн өсөлтөд Малайз улсад цагаач ажилчдын хомстол үүссэнээс болж үйлдвэрлэлийн гарц буурсан нь нөлөөлсөн байна. Уг тосны түүхий эдийн хувьд дэлхий дахинд эрэлт эргэн ихсэж байгаа нь мөн үнэ өсөх шалтгаан болжээ. Улаанбуудай, ургамлын тосноос гадна сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, элсэн чихэр гээд голлох түүхий эдийн үнэ бүгд өмнөх онтой харьцуулахад 15-40 хүртэлх хувиар өсөөд байна.