Ирэх 1-р сарын 1-ээс ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 10 хувийг зээлийн батлан даалтын сан олгох боломжтой

Найман жилийн хугацаанд хэрэгжсэн ипотекийн зээлийн хөтөлбөрт урьдчилгаа төлбөрөө төлөөд зээл авах иргэдийн тоо ханасан гэж үздэг. Улсын хэмжээнд 900 мянга гаруй өрх байдгаас 11 хувь нь ипотекийн зээлд хамрагджээ. Харин энэ зээлийн хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэхэд Төв банкны болон бусад арилжааны банкны эх үүсвэр хангалттай байгаа ч урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууцанд орох иргэн тун цөөхөн байна. Үүнтэй холбогдуулан зарим тоон мэдээлэл хүргэе.

----2017-2020 он хүртэл сүүлийн 4 жилд нийт 20.344 хүнд ипотекийн зээл олгожээ. Харин 2021 оны 11-р  сарын 18-ны байдлаар төв банк болон арилжааны бусад банкны эх үүсвэрээр нийт 900 орчим тэрбум төгрөгийн зээлийг 12 мянга гаруй өрхөд олгоод байна. 

---Хэдийгээр өнгөрсөн оны 11-р сард  дотоодод цар тахал бүртгэгдэж, нөхцөл байдал хүндэрсэн ч ипотекийн зээлийн хүүг тухайн үед 6 хувь болгон бууруулсан юм. Ингэснээр зээлийн хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоо 18 хувиар нэмэгдэх боломжтой болжээ.

---Ипотекийн зээлийн хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэхэд санхүүгийн эх үүсвэр хэвийн байгаа ч судалгаагаар орон сууц авах хүсэлтэй иргэдийн 70 орчим хувь нь хуримтлалгүй, урьдчилгаа төлбөргүй байгаа юм байна.

---Тиймээс иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор урт болон богино хугацааны арга хэмжээг авахаар болсон байна. Үүнд урьдчилгаа төлбөрийнхөө 20 хувийг бүрдүүлсэн иргэдэд ирэх оны 1-р сарын 1-ээс зээлийн батлан даалтын сангаар дамжуулж зээлийн 10 хувийг батлан даахаар болжээ.

Ипотекийн зээлийн 30 хувь буюу урьдчилгаа төлбөрөө бүрэн төлөөд ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо жил ирэх тусам хумигдаж байгаа учраас ипотекийн зээлийг урт хугацаанд үргэлжлүүлэхийн тулд зээлийн хүүг 6 хувь болгон бууруулах, зээлийн эх үүсвэрийг цогц арга хэмжээний хүрээнд нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Цаашид ипотекийн зээлийн хөтөлбөрийг урт болон богино хугацаанд хэрэгжүүлэх хувилбар боловсруулсан. Үүний нэг арга хэмжээ нь ипотекийн зээлийг хуримтлалын нэгдсэн сантай уялдуулж, иргэд төлсөн НДШ-ээ орон сууцны урьдчилгаанд төлөх боломжийг судалж байгаа юм байна. Харин богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөгөөр ЖДҮХС-ийн зээл гаргасан зарчмаар урьдчилгаа төлбөрийн 10 хувийг нь зээлийн батлан даалтын сан батлан даах юм байна.

Түүнчлэн хувийн хэвшлийн компаниуд менежмент хийж, иргэдийн санхүүгийн боломжид тулгуурлан ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулалгүйгээр 5 жилийн хугацаанд орон сууцны төлбөрөө хувааж төлөх хувь гэрээ байгуулж байгаа. Үүнийг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй гэлээ.

Төв банкны ипотекийн зээлийн статистик мэдээллээр 103 мянга гаруй хүн ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдаад байна. Төв болон арилжааны бусад банкны нийт 70 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрээр дунджаар 1400 гаруй өрхөд ипотекийн зээлийг олгож байна.